Ерөнхийлөгчийн Тамгын газар АН-ын агентлаг мэт болсон уу
2018/09/10

Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус, хэн нэгнээс хараат бусаар шийдвэр гаргаж, чин шударгаар ажиллах үүрэгтэй. Дэлхийд улс, ард түмнээ төлөөлөх бүрэн эрх бүхий хүн. Тийм ч учраас Х.Баттулга өнгөрсөн оны долоодугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, улмаар ард түмэндээ хандаж иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байхаа мэдэгдсэн. Үүнийг ард түмэн одоо ч санаж байгаа, цаашид ч мартах учиргүй.

Тэрбээр эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашиг, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн, экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан, экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байхаа амласан. Гэтэл түүний хэлсэн үг, хийж буй үйлдэл бодит байдалд алд дэлэм зөрөв. Тодруулбал, иргэнээ бус намын эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч болсонд олон нийт харамсч, халаглаж байна.

Тухайлбал, академич Ж.Болдбаатар “Бүх ард түмнийг төлөөлөх учиртай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт нам нь ороод суучихлаа шүү дээ. Өнөөдөр Ардчилсан нам бүхэлдээ Ерөнхийлөгчийн Тамгын газар болж хувирлаа” гэж ярилцлагадаа онцолсныг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал твиттертээ жиргэжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгуульд нэр дэвшин сонгогдсон учраас Тамгын газраа намынхаа хүмүүсээр бүрдүүлсэн нь ийм байдалд хүргэсэн байна. Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвхөн АН-ын эрх ашгийг хамгаалж, УИХ дахь цөөнхийн бүлэг шиг үйл ажиллагаа явуулж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

М.Энх

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404