“Coal Mongolia" чуулга уулзалтын гол мессеж
2018/09/07

Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээж  хамтын ажиллагаа өрнүүлэх зорилготой олон улсын чанартай томоохон чуулга уулзалтууд өнгөрсөн өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.  Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг болж, томоохон төслүүдийг урагшлуулах алхам хийгдэж байгаа цаг үед зохион байгуулагдсан чуулга уулзалтуудад нийтдээ 1300-гаад төлөөлөгчид оролцсон юм.  Чуулга уулзалтуудад Засгийн газрын бодлого шийдвэрүүд, томоохон төслүүд, хүлээгдэж буй үр дүнг  танилцуулж, уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаа энэ ашигтай үеийг ухаалгаар ашиглах шаардлагатай байгааг олон илтгэгч онцолж байснаас үзэхэд Засгийн газар энэ жилийн чуулга уулзалтуудад нэлээд бэлтгэж,  хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл өгчээ.

Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах зорилгоор зохиогдсон Coal Mongolia чуулганд Эрдэнэс Монгол ХХК голлох үүрэгтэй оролцсон. Тус компанийн Дэд захирал О.Одбаяр ерөнхий модератороор ажилласан тэрээр  монголын хүрэн нүүрсний зах зээл, хэтийн төлөв болон нүүрсний технологийн шийдэл, боломжийн талаар илтгэл тавьж  хэлэлцүүлсэн юм. “Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол Улсыг “хүрэн нүүрсний диваажин” орон гэж хэлж болно” хэмээн онцолсон нь энэ удаагийн чуулганы хамгийн “гол мессеж” байв.

Харин Дисковер Монголиа чуулга уулзалт Монголын уул уурхайн мөчлөг, Засгийн газрын бодлого, Оюутолгой, Тавантолгойн шинэ мэдээлэл, татвар, хууль эрхзүйн орчны шинэчлэл, засгийн газрын дэмжлэг зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн.

Эрдэнэс монгол компанийн удирдлагууд нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлага бийг  хөрөнгө оруулагчдын сонорт хүргэж чадсан.  Тэрээр  Эрдэс баялгийн бирж байгуулах цаг ирснийг баталж, биржийн нүүрсний зах зээлд үзүүлэх шууд нөлөөг тодорхойлсон нь  энэ чуулга уулзалтын мэдээллийн “төв цэг” байлаа.  Ийнхүү олон улсын томоохон хөрөнгө оруулагчид нэг дор цугларч манай улсын уул уурхайн салбарыг сонслоо. Төслийн үр өгөөж, байгалийн баялгаас илүүтэй төрийн тогтвортой байдлыг чухалчлах шаардлагатай байгааг хөрөнгө оруулагчид санууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404