Ли Мён Бакт 20 жилийн хорих ял оноохыг прокурорын газар шаарджээ
2018/09/07

Авлигын хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакт 20 жил шоронд хорих ял оноохыг Прокурорын газар пүрэв гарагт шаардсан байна.

Ли Мён Бакийн хэргийг эцсийн удаа шүүхэд хэлэлцэх үеэр Прокурорын газрын зүгээс түүнд 20 жил шоронд хорих ял оноож, 15 тэрбум вонын /13.3 сая ам.доллар/ торгууль ногдуулж, 11.1 тэрбум вонын /9.9 сая ам.доллар/ хохирлыг нөхөн төлүүлэхийг шаарджээ.

2008 оноос хойш таван жилийн хугацаанд тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан Ли Мён Бакийг хээл хахууль авсан, мөнгө хөрөнгө шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг авлигатай холбоотой 16 төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.

Өдгөө 76 настай түүнийг Өмнөд Солонгосын тагнуулын газар, “Самсунг” компани, төрийн өмчит банкны захирал болон нэгэн улс төрчөөс хахууль авсан хэрэгт буруутгасан байна. Үүний сацуу тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа Хөх ордноос ерөнхийлөгчтэй холбоотой нууц бичиг баримтуудыг хууль бусаар гэртээ аваачсан гэх хэрэгт холбогджээ.

“Ли Мён Бак ерөнхийлөгч байх үедээ хийсэн буруутай үйлдлүүдээ бүгдийг нь үгүйсгэж байгаа нь хөөрхийлэлтэй хэрэг” гэж Прокурорын газар мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404