40 мянган айлд цахилгаан халаагуур тавина
2018/09/07
Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос дараах тодруулгыг авлаа

-Удахгүй хүйтэрч утаа ихэснэ. Энэ өвөл агаарын бохирдлыг яаж анхаарах вэ?

-Та бүхэн мэдэж байгаа, ирэх оны 5 дугаар сараас нийслэлд нүүрс түүхий түлш оруулахыг хориглож байгаа. Тэр хүртэл шахмал түлшээр хангаж, 40 мянган айлд цахилгаан халаагуур тавина. Эхний ээлжинд 400 уурын зууханд утааны шүүлтүүр тавьж байгаа.

-Түгжрэлийг сааруулах арилгах талаар юу хийж байна вэ?
-Замын хөдөлгөөнийг нэг чиглэлийн болгох, дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлж сондгой, тэгшээр явдаг болгох зэрэг олон хувилбар ярьж байна. Эцсийн эцэст иргэдийн зүгээс нэг айлын эхнэр, нөхөр хоёр тийшээ хоёр машин унаад гардаг зэрэг хэрэглээгээ хязгаарлаж, нийгэм, олон нийтийн төлөө ухамсраа дээшлүүлж амьдармаар байна. Бүтээн байгуулалт талаасаа бид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн төсөл хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Нийслэлийн захиргааг Яармагт шилжүүлснээр нийслэлийн харьяаны төр, захиргааны 3500 албан хаагч, өдөр тутам үйлчилгээ авдаг 10 мянган иргэн, төдий тооны хэмжээний автомашин хотын төвөөс гарна. “Шинэ Яармаг төв”-ийг нийслэлийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байна.

-Улаанбаатарт Туул гол, Богд уулын ойр орчим дүүргүүд газрын зөвшөөрлийг дураараа олгосноор замбраагүй олон байшин барилга барьж байгалийн унаган төрхөө алдуулж байгаа байдлыг яах вэ? 
-Туул гол, Богд уулын тусгай хамгаалалтын газар яам л мэдэж газар олгодог. Дүүргүүд дур мэдээд газар олгож байгаа бол хотын дарга би цуцлах эрхтэй.

-Хотын МАН-ын даргын сонгуульд нэр дэвших үү?
-Тиймээ, хотын намын хорооны хурал энэ сарын 21-нд хуралдах гэж байгаа. Би өрсөлдөж нэр дэвшинэ. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргаар томилогдсон надад 4 жилийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал байна. 2020 онд хийсэн ажилдаа иргэдээрээ дүн тавиулж хариуцлагаа өөрөө хүлээнэ


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404