Төв цэвэрлэх байгууламж энэ засаг, энэ хотын өнгөн дээр шинэчлэгдэж байна
2018/08/28

Нийслэл хотынхны 50 гаруй жилийн хур ялгадас сүүлийн хэдэн жилд амьсгалахад хэцүүхэн үнэр танараараа зуны улиралд давчдуулах болсон. Бүр 1970-аад оны үеэр Нисэх, Толгойт хавьд үнэртдэг байсан эхүүн үнэр сүүлдээ хотын төв, бүр Төрийн ордонд хүртэл “сэнгэдэг” болсон ч урьд өмнөх Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд төдийлөн арга хэмжээ авч байсангүй.

Түүх сөхвөл Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр иржээ. 

Малчин хүн малынхаа өтөг бууцыг өдөр бүр сэврээж цэвэрлэдэг байхад нийслэлчүүд ялгадсаа хагас зуун  жил дарсан гэхээр үнэр танар ямар байх нь ойлгомжтой.

Хоёр жилийн өмнө Улаанбаатарт Ази, Европын удирдагчдын чуулга уулзалт АСЕМ болоход мөнөөх гайхал үнэрээ хэдхэн хоног дарах гэж бөөн ажил ундарч байв.

Харин олон жил толгой гашилгасан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал энэ Засгийн газар, хотын энэ удирдлагын өнгөн дээр шийдэгдэж байна.

Энэ оны хавар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар өмнөд хөршид айлчлахдаа олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан бол асар богино хугацаанд энэ нь ажил хэрэг болох шатандаа шилжлээ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мөн багтаж холбогдох яриа, хэлэлцээнд оролцсон билээ.

Үүний дараахан, өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлсэн юм. Тэр хүрээнд өдөр тутам үүсч, хуримтлагдаж байгаа лагийг халдваргүйжүүлэх, үнэрийг нь дарах төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм.

Бас бохир усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах гээд олон ажил эхлүүлсэн билээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэл хотын удирдлагууд Их тэнгэр цогцолборт хүлээн авч уулзан Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолыг үйлдэн тууз хайчилсан юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ үеэр хэлэхдээ 1960-д оны эхээр Хятадын талаас барьж байгуулж өгсөн Энхтайваны гүүр өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байгаа шиг одоо баригдах Төв цэвэрлэх байгууламж мөн л урт удаан хугацаанд ашиглагдсаар байх болно хэмээжээ.

Мөн уг байгууламжийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөхөө илэрхийлж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг шингээн байгуулж, Улаанбаатар хотын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайна гэдгээ хэлсэн байна.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй юм. Хоногт 250 мянган метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай ажээ.

Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орчинд дэгдэх бохирын үнэрийг дарж, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм байна. Мөн бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт гэсэн цэвэрлэгээний дамжлагуудаар дамжуулан цэвэршүүлж, лаг тундасыг бүрэн боловсруулж бордоо болгохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлснээр шинэ байгууламжийн ажлыг ирэх жилийн хавар, газар гэсэх үед эхлэх бөгөөд ажил 1,6 жил үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Хуучин цэвэрлэх байгууламжаа ч орхилгүй техник, технологийг нь сайжруулахаар болжээ.

БНХАУ-ын талаас гурван компанийг уг ажилд оролцуулахаар сонгон шалгаруулжээ. Уг компаниудад Хятад улсын Экзим банк үнэлгээ хийж, Монголын талд мэдэгдэл хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Шалгарсан компани Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа юм ажээ.

Ийнхүү урт удаан хугацаанд толгойн өвчин болж ирсэн Төв цэвэрлэх байгууламж У.Хүрэлсүхийн Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын үед бүрэн шинэчлэгдэж байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
dfsdfs202.179.27.237
fsdf
2018/09/05
dfsdf202.179.27.237
sdfs
2018/09/05
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404