Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэй шалгаж байна
2018/08/27

АТГ -аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр зарим асуудлаар тодруулга авлаа. 

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар хариулт өгнө үү? 

-АТГ-ын даргад Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит компанид ТУЗ-ын даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах зорилготойгоор АТГ-ын даргын нэр хүндэд халдах байдлаар гаргаж байна. АТГ-ын үйл ажиллагааг гутаах мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийг сошиалаар хуульч өмгөөлөгч Пүрэвбаатар бичсэн байсан. Энэ хүн хэний өмгөөлөгчөөр ажилладаг вэ гэдгийг сэтгүүлчид мэдэх байх. Мөн Пүрэвбаатар гуай АТГ-ын Олон нийтийн дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ зөвлөлийн гишүүн атлаа ийм худал мэдээллийг сошиалаар тарааж байгаа нь харамсалтай явдал. Ер нь АТГ-ын Олон нийтийн дэргэдэх зөвлөлийн дарга болон гишүүд АТГ-ын үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл тараадгаа зогсоох хэрэгтэй. Худал мэдээлэл тараасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна. 

-Төмөр замын хэрэг юу болсон бэ?

Монголын төмөр замтай холбоотой хэрэг тусгаарлагдаж, Солонгосын иргэнтэй холбоотой хэрэг шүүхээр орж шийдэгдсэн. Нэр бүхий иргэд гадаад улсад оргон зайлсантай холбогдуулан тэр хэрэг тусгаарлагдаж үлдсэн байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж байна. 

Эрдэнэт үйлдвэр, Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа. 

Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу? 18 дугаар сургуулийн захирлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. 

Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд зөвлөмж, чиглэл хүргүүлж ажилласан. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404