Хөгжилтэй аялах гээд хөглөх шахсан минь
2018/08/23

Амралт, аялал, зугаалгын улирал хариугүй дуусах дөхсөн ч телевизийн суваг бүрээр шахам аялалын компаниудын нүд эрээлжилж, хорхой хөдөлгөм зарууд цуварсаар.

Тэр олны дундаас “Хөгжилтэй аялал”-ыг сонгон хэд хоногийн өмнө Манжуурыг зорилоо. Амьдралдаа анх удаа хувиараа аялж үзэх гэж байгаа минь энэ. Өмнө нь бол ажил төрөл, албан байгууллагын шугамаар зөндөө л явсан л даа. Аялал сонирхолтой байсан ч анзаармаар, хэлмээр зүйлс гарсан тул дуугүй өнгөрөөмгүй.

Өөр, өөр компаниуд бага зэргийн зөрүүтэй үнээр аялуулдаг ч унаа нь нэг байдаг аж. Очсон хойноо хоол унд, буудлын ялгаа байдаг байлгүй дээ. Миний суусан автобусанд “Хөгжилтэй аялал”, “Дэлхийн монгол аялал”, “Манжуурын аялал” гэсэн гурван компанийн 40 гаруй аялагч багтав. Компани тус бүрийн төлөөлөгчид аялагчдаа бүртгэн суулгасан ч жолоочоос өөр хүн хамт замд гарсангүй. Хөтөч байдаггүй аж. Аян замд хөдлөхийн өмнө гурван компанийн аялагчид суудлаа булаалдан бага зэрэг сөргөлдөөд амжив. Гэхдээ яах вэ, хараахан  хөдлөөгүй байсан тул компаниудын төлөөлөл орж ирж учрыг нь ойлгуулж, орон нутгийн чанартай дайныг эцэслэв.

Ингээд ганц жолооч гурван компанийн аялагчдыг даан  авч замд гарлаа. Аялагчдын дийлэнх нь ахмад настнууд, ганц нэгээрээ, ах дүүсээрээ, үр хүүхэдтэйгээ, хань бүлтэйгээ, өвөө эмээтэйгээ, албан байгууллагаараа гээд бүтэц нь янз бүр. Хил давтал зам зуурын хоол хүнсээ өөрийн мөнгөөр авч идэж ууна. Өөрөөр хэлбэл, компанид төлсөн мөнгө энд хамаарахгүй. Замдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оройн хоолоо идээд цааш аян замаа хөөлөө. Дорнод аймгийн төв хүртэл ярих юмгүй сайхан явцгаав. Жолооч маань бүх хүнд санаа тавьж, хөл муутай зарим буурлыг үүрч дүүрч буулгаж суулгаж явлаа.

Дараа өдрийн үүр тэмдэгрэхийн өмнөхөн Чойбалсанд ирлээ. Тэнд аяллын автобусаа орхиод гурван өөр Истана машинд хуваагдан сууж Хятадын талын Алтан эмээл хот хүртэл 200 км зам туулахаар боллоо. Тийм ном журамтай гэнэ. Байгууллага, гэр бүлээрээ яваа хүмүүс дайран орж гайгүй суудлуудыг эзлэх тул бүл цөөн, эс бол ганцаараа яваа хүмүүс арын суудалд чихэгдэх номтой аж. Энэ ёсоор миний бие хамгийн арын буланд чихэгдэв. Тэр ч дүүрсэн хэрэг. Харин суудалдаа суух гэхэд замд хөндөлсөх сандал эвхэгдэггүй тул орж гарахдаа түүн дээгүүр шпагат суух хэрэгтэй болно. Нимгэн өмд бол тэсэхгүй янзтай. Бас ард хийсэн ачаанууд хөл дор орсон тул эрүү өвдгөө нийлүүлж, чац урттай нэг нь хэдэнтээ эвхэрч, нэг нэгээ дарж, идшинд яваа хонь мэт л юм болов.

Гэтэл энэ юу ч биш байсан аж. Үүр тэмдэгрээгүй, харуй бүрийд нөгөө гурван Истана гараанаас эргэх хурдны морь шиг л хар эрчээрээ хөдөллөө. Урьд шөнө нь ихээхэн бороо орсон, шороон зам шалбааг дүүрчээ. Энхэл донхол дундуур эмнэг хангал шиг дүүлж явтал нэг нь зог тусан нам зогсох нь тэр. Нум нь хугарсан гэнэ.

Дорнод аймгийн төвөөс Хятад талын хөтөч хэмээн суусан бүсгүйд олон хүний амь нас дааж яваа машинууд шалбааг дүүрсэн зам дээр ингэж сэнсэртэл давхиж болохгүй. Бас хөдлөөд удаагүй байж эвдэрлээ, хүний амь нас эндвэл яана. Машинаа бэлтгэх ёстой. Хариуцлага хэрэгтэй гэцгээвэл “Та нарын хувцас хунар шороо болоогүйгээс хойш, энэ миний машин биш. Би Хятад талын хөтөч тул энд хамаагүй” гээд хүлээж авсангүй.

Миний суусан машинд элдэв зүйл тохиолдоогүй ч халтиргаатай зам дээр шарван шарван хурдлахад маань мэгзэм унших гэсэн ч мөр шадыг нь хутгаад бүр манарч дуусав. Хажууд нь толгой дээр чанга хөгжим орилох нь бүр тээртэй. Зарим машины суудал бохир заваан, хир тоостой харагдсан.

Манай машин хурдлахыг үзүүлнэ ээ. Тэгснээ л “Нэг маань алга болчихлоо” гээд буцаад л сэнсэртэл давхина. Яваад очиход бас нэг нь шаварт суужээ. Түүнийг гаргалцаад дахиад л эмнэг хангал мэт цойлоод гарч өгнө. Тэгснээ л бас нэг нь сураггүй гээд буцна. Сэтгэл нь сайхан л даа. Тааруу машинаа өмнөө оруулаад хамтдаа явж болдоггүй юм уу гэхэд “шавартай зам дээр аажуу явбал халтирна” гээд дахиад л хурдална. Замын шалбааг дээш цацагдан цонх булхаж, завсраар нь шавхайтай ус  цутган орж ирж, юун нөгөө хувцас хунарыг чинь шороо болгохгүйгээ ч алд, дүүрсэн хэрэг боллоо.

Ингэж явсаар хил гарч, цаашаа 80 км цардмал замаар сүнгэнүүлсээр Алтан эмээл хотын барааг харж Хятад талын жуулчны том автобусандаа сууж, хөтөчтэй ч болж сэтгэл амарцгаав. Гэхдээ болоогүй, Цэнхэрмандалаас хойш 15 орчим цаг хоолны бараа хараагүй аялагчид Алтан эмээл орж өөрсдийнхөө мөнгөөр хоол идье гээд барсангүй. “Цаг гаруйхан яваад Манжуур орно, хоолны цагаа наашлуул гээд утсаар хэлчихье,  та бүхэн тэс” гэсэн тушаалыг хөтөч өгсөн тул тэсцгээлээ. Гэвч автобус тэгэхээс тэгэх гэсэн юм шиг гэлдэрсээр ёстой хоолныхоо цагийг тулган Манжуурт хүрлээ.

Уг нь аялагчид дотор 60 хэвийж, 70 нас шахсан буурлууд хэд хэдээрээ, бас жирэмсэн эмэгтэй, нялх хүүхэдтэй ээж аав, бие тааруутай хүн ч байсан юм. Яасан ч бөх хүмүүс юм, хэн нэг нь унаад өгөх вий гэж эмээж байсан ч эсэн мэнд зорьсон газраа хүрцгээсэн.  Манжуурт очмогц сонголтын хоол гэдэгт орууллаа. Дураараа ид, уу л гэнэ. Гэвч гандаж ангасан газарт аадар бороо ороход хөрс усаа шингээлгүй урсгаж орхидог шиг их өлссөн хүмүүс идэж шальдаггүй юм билээ.

Долоо, наймдугаар сар ид жуулчны улирал тул сайн буудлууд олддоггүй ч биднийг тун дажгүй буудалд буулгалаа. Гурав, гурван өрөөтэй байранд хоёр хоёроор нь оруулав.  Гэхдээ нэг асуудал үүслээ. Өргөн орон дээр хоёроороо унтах бөгөөд дундаа ганц хөнжилтэй. Гэр бүлийнхэн бол болж байгаа юм. Гэтэл ганц нэгээрээ яваа танихгүй хүмүүс, эрх биш, эр эмээр нь ялгаад л дунд нь гац хөнжил өгөх нь тийм ч таатай зүйл биш. Хэлж гуйж байж зарим маань хөнжлөө тусгаарлав. Өрөөний тавилгууд өлөн тоостой. Өөрсдөө тоосоо арчиж, шалаа үйлчлэгчээр нь угаалгалаа.

Үзэх зүйлээ хангалттай үзэж, өглөө оройн хоол тун сайн байсныг хэлэх ёстой. Хоттой танилцахад хөтөчийн хэрэг ч байгаагүй тул ихэнх нь хувь хувиараа, очих очих газраараа явцгаав. Хөтөч хотын үүх түүхийг  ярьж өгөөгүй нэг тал бас байсан. Түүнийг гүүглээс нөхөөд харж болж байгаа юм. Монголд бүх төрлийн хүнс, бараа хангалттай болсон тул аялагчдаас цөөхөн бүсгүй булган шуба авч, эмээ өвөө нар ач зээгийнхээ гар цайлгах зүйл сонгоод, очсон ачаанаасаа нэг их нэмэгдсэн зүйлгүй буцахаар боллоо. Хүмүүс зүгээр аялж, газар үзэх сонирхолтой болжээ.

Буцахын өмнөх оройн хоолыг 19.00 цагаас идэх байсан ч 19.30-д хоолондоо оров. Гэтэл хөтөчийн зан хувирчээ. Хоол дөнгөж орж ирмэгц 20.00 цаг гэхэд дуусгаад гарахгүй бол автобус хүлээхгүй, өөрсдөө таксидаж буудалдаа хүрээрэй гэх нь тэр. Уг нь хоол, унаа, буудлынхаа мөнгийг бүгд хувиараа төлсөн аялагчид шүү дээ.

Маргааш нь шөнийн 03.30 цагт буудлаа өгөөд гар гэлээ. Бүгд хэлсэн цагт нь гарсан ч автобус хожимдож ирэв. Миний явсан ээлжийн аялагчид өөр өөр газрын, бие биеэ танихгүй  хүмүүс ч гэлээ, сахилга, зохион байгуулалт, дэг журам, цаг барих талаараа бүгд өөлөх зүйлгүй сайн байсан. Хэн ч бие биедээ тээр бололгүй маш эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр  байсан нь монголчууд аялж сурсныг гэрчилж байлаа. Буцах замдаа унаагаа мөн л гурав сэлгэж, явсан замаараа ирэхэд өмнөхийг бодвол бороо шороогүй, зам сайн байв. Нэг сэтгэл зовоосон зүйл нь Дорнод аймгийн Истанагийн жолооч нар хар хурдаараа шороон замаар давхих зуур үе үе жолоогоо тавьж утсаар ярьж, мессеж бичих юм. Ингээд эсэн мэнд, энх тунх аялсан бид нийслэл хотдоо ирснээр зарим газраа экстрим байсан бидний аялал өндөрлөсөн билээ.

Энд аялалын компанийн нэр хүндэд халдах гэсэнгүй. Санаа аваасай гэсэндээ болсон явдлыг бодитоор бичлээ. 

                                                                           

 Д.Цэцэг

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404