Шинэ зууны мегаполис хот шүлхийд дарлуулбал ямар вэ?
2018/08/23

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор нийслэл хотоос мал бүхий иргэдийг гаргах ажил өнгөрсөн 2017 оны намраас эхэлж одоо тэднийг тусгайлан зааж өгсөн бүс рүү нүүлгэх ажил 97,5 хувьтай явж байна. Малтай иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцтын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрч, тийш нь нүүлгэж байгаа юм.

Энэ ажил амар байгаагүй. Мал бүхий иргэдийн зүгээс хүний эрх боогдууллаа, хотын захын хороод угаасаа малтай байсан, мал, туслах аж ахуй эрхлэхийг дэмждэг үе ч байсан, хотын төв рүү л малаа оруулчихгүй бол хотын захын уул толгод, зуслангийн бүсэд мал бэлчээрлүүлэхэд яадаг юм хэмээх гомдол санал тасраагүй.

Гэвч Сүхийн талбайд хүртэл үхэр, хонь, ямаа ороод ирчихдэг байсан тэр үетэй өнөөг зүйрлэх аргагүй болжээ. Өмнөх зууны 60-аад оны дундуур Хүүхдийн паркийг анх байгуулахдаа хашаагүй байхаар төлөвлөсөн гэдэг. Гэвч хотын төвд малтай байсан тул мал амьтан паркийн өвс, модыг идэж сүйтгэн өтөг, шивтрээр бохирдуулах эрсдэлтэй байсан тул хашаатай болгосон байдаг. Хашаа барих шийдвэрийг бүр тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Ю.Цэдэнбал дарга гаргаж байжээ. “Нэгэнт малаа нийслэлээс гаргаж дийлэхгүй юм чинь хашаа барья даа” гэсэн шийдэлд хүрч байж.

Аргагүй, бараг 1980-аад он хүртэл нийслэлчүүд малчин, нүүдэлчин сэтгэлгээнээсээ салаагүй байлаа. Мал зүлэг идвэл цагдаа хөөж туухаас хэтрэхгүй. “Өндөр ээж” кинон дээр гардаг даа. Үнээгээрээ зүлэг идүүлж байсан хүү цагдаагаас нуугдаж, хөдөөнөөс хот үзэхээр ирсэн өндөр ээж үнээг өрөвдөн идүүлж, цагдаа ингэж болохгүй хэмээн сануулж байдаг.

Харин одоо бол шинэ зуун. Нийслэл хот сая илүү хүн амтай боллоо. Хөрс, агаарын бохирдол бараг туйлдаа хүрлээ. Хог хаягдал асар ихээр үүсэх болов. Авто замын ачаалал дийлдэхээ больсон. Тарьсан хэдэн модных нь талыг мал идчихсэн удаа ч гарч байв. Түүний зэрэгцээ, хамгийн аюултай нь 1970-аад оны эхээр улсын хэмжээнд бүрмөсөн дараад байсан шүлхий, боом, цэцэг зэрэг малын гоц халдварт өвчин 2000-д оны эхнээс дахин гарч, даамжрах төлөвтэй болсон.

2001 онд Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарч, өвчний халдвар Улаанбаатарт машины дугуйгаар дамжин орж ирж, нийслэл хотын Хайлааст, Чингэлтэй хавьд халдварлаж, тэр хавийн айл амьтан бүгд хорионд орж, улаан загалмай, тусламжийн байгууллагууд айлуудад хүнс тарааж, олон хүн ажил, сургуульдаа бүтэн сар шахам очиж чадахгүй хоригдож байсан. Төрийн ордонд орж гарсан хүмүүс хүртэл орохдоо гараа ариутгуулдаг байсан нэг тийм бодит жишээ бий. Хэдхэн сарын өмнө гэхэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт шүлхий гарч мөн л хорио цээртээ тулсан.

Нийслэл хот бүхэлдээ малын гоц халдварт өвчинд нэрвэгдэж ч мэдэх тийм эрсдэл бийг анхаарах ёстой цаг үе ирсэн тул ийнхүү мал бүхий иргэдийг шинэ соргог нутаг бэлчээр бүхий суурьшлын төв рүү нүүлгэж байгаа юм. Шинэ ХХI зуунд Монгол Улсын нийслэл, мегаполис хот малын өвчинд нэрвэгдэн хөл хорионд оржээ гэвэл олон улсад Монголын нэр хүнд юу болох вэ? Мөн хогийн ургамал, хоолны шавхруу идэж, угаадас ууж, олон жил дагтаршсан өтөг бууцан дээр хашигдаж байгаа малын сүү, мах ариун цэврийн шаардлага хангах уу гэсэн асуудал ч үүсч буй.

Шинэ соргог нутагт буух нь малчдад ч, мал сүрэгт ч тустай, нийслэл хотын хүнсний аюулгүй байдал, хөрсний бохирдол, ариун цэвэрт ч хэрэгтэй гэдгийг мал бүхий иргэд ухамсарлаж буй нь мэдээж. Ядахдаа л шинэ суурьшлын бүсэд очсон малтай иргэд хажуугаар нь хүлэмжийн аж ахуй эрхлээд хүнсний ногоогоор өөрсдийгөө хангана. Малын мах, сүү ч цэвэр, тарга хүч нь ч сайн байх нь мэдээж. Ийнхүү хот малгүй, малчид ч шинэ сэргэг бэлчээр нутагт суурьших ажил дуусах шатандаа орж байна.

 Д.Оюунцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404