Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID 19 цар тахалтай амжилттай тэмцэж, тархалтыг багасгаж чадсанд баяр хүргэхийн сацуу Ухань хотод суралцаж байсан монгол оюутнуудыг эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Талууд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулсан Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид санамж бичгийн хугацааг дахин 5 жилээр сунгах боломжийн талаар санал солилцов.
Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд яригдсан зарим асуудлыг тухайлбал, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг шинэ элчин сайдаас хүслээ.