“Чингис хаан” банкны удирдлагуудыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцлоо
2020/03/28

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон юм. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нар авсан нь ч батлагдсан аж.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.03.27/-нд хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хэргийн холбогдогч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-т гаргасныг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноов. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

 

Эх сурвалж: Эгүүр.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Mugi66.181.161.96
Shagnaad bgaa yumuu
2020/05/03
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404