“Бүгд Залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг дэмжиж ажиллахад бэлэн
2020/03/27

“Монголын Залуучуудын эвсэл” ТББ нь “Каритас Чех Репаблик” ТББ, Иргэний Боловсролын төвтэй хамтран Европын Холбоо (EU Delegation to Mongolia) -ны дэмжлэгтэйгээр 2020-2023 онд “Бүгд Залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Тэгвэл өчигдөр тус төслийн багийнхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амартай уулзаж, хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө талаар мэдээлэл өглөө. Төслийн менежер Л.Дэлгэрмаа “Манай төслийн зорилго нь залуучуудын ТББ-ын чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар тэдний иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэн Монгол Улсын хөгжлийн явц, засаглалд хувь нэмрээ оруулах юм. Энэ төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд 15-34 насныхныг залуу хүн гэсэн ангилалд багтаасан. Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн 57 хувь нь энэ насныхан байна. Эндээс залуучууд хийж бүтээх насандаа нийгмийн ч, эдийн засгийн хувьд ч эзлэх байр суурь нь бүрэн баталгаажаагүй байна гэсэн үг. Манай төсөл үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд, ТББ-ыг чадавхжуулах, залуучуудын ажилгүйдлийг багасгах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах гэсэн дөрвөн том хөдөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн юм.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Манай газар залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцсан Засгийн газрын агентлагийн хувьд та бүхэнтэй хамтарч, хуулийн хүрээнд дэмжиж ажиллахад бэлэн байна. Та бүхэн зорилгоо тодорхойлоод хийх ажлын чиглэлээ гаргасан байна. Тиймээс одоо залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллагатай ямар хэлбэрээр хамтарч ажиллаж болох вэ гэдэг зорилгоо тодорхойлоод, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах нь зөв. Та бүхний хэрэгжүүлж буй төслийг Залуучуудын хөгжлийн газартаа дамжуулах, цаашлаад нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдтэй холбож өгөх зэргээр төсөл хэрэгжих хугацаанд хамтарч ажиллах боломжтой. Мөн энэ төслөөс чадавхжиж гарсан төрийн бус байгууллагуудтай манай агентлаг цаашид ч хамтарч ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой” гэсэн юм.
“Бүгд Залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийнхөн энэ үеэр Агентлагийн даргыг хүлээн авч уулзан улмаар залуучууд руу чиглэсэн томоохон төслийг дэмжин санамж бичиг байгуулан хамтран ажиллах боломжтой гэсэнд талархал илэрхийлээд “Төр иргэний нийгэм хамтарч ажиллах нь юу юунаас ч илүү чухал байгаа. Энэ үед биднийг хүлээн авч ажиллаж байгаад баярлалаа” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404