З.Баянсэлэнгийн шүүх хурал юу болов
2018/08/21

Гурван өдрийн турш үргэлжилсэн УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Шүүхээс түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн. 

Шүүх хурлын үеэр З.Баянсэлэнгэ "223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр барина гэж төсөв гарсан. АТГ сүүлд хувийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж зөрүү мөнгийг нь З.Баянсэлэнгээс гаргуулах гэж зүтгэж байгаа юм. Зөрүү нь 900 гаруй сая төгрөг. Төрийн байгууллага, тэр дундаа тайлан санхүүг нэг бүрчлэн гаргадаг Сангийн яам тооцоод гаргачихсан байхад АТГ хувийн байгууллагаар тооцуулж 900 сая төгрөг надаар улсад төлүүлнэ гэсэн. Ийм юм гэж байхгүй.  Гэтэл мөнгөтэй холбосон нь сонин байна" хэмээн мэдүүлжээ. 

Харин түүний хэрэгтэй холбоотойгоор  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга  асан С.Баярцогт, ТОСК-ийн дарга асан Н.Гантулга нар гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэд мэдүүлэгтээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимынхан олонхоороо дэмжээд баталсан “Хангай хотхон 223” орон сууц барих төсөл, түрээсийн орон сууц хэрхэн хэрэгжсэн, уг асуудалд Барилга хот байгуулалтын сайдын оролцоо хэр байсан" зэрэг асуудлын талаар мэдүүлсэн аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404