Италийн жижиг хотод коронавирусийг хэрхэн зогсоов
2020/03/19

Италийн хойд нутгийн нэгэн жижиг хотод шинжилгээний тусламжтайгаар коронавиурсний халдварын тархалтыг таслан зогсоожээ.

 

Венец хотоос холгүй орших Во Эгуанео хот “COVID-19”-ийн Европ дахь голомт болоод байсан бөгөөд шинжилгээ хийх ажлыг эхнээс нь идэвхтэй явуулж, шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран хотын бүх 3400 оршин суугчид коронавирусний  шинжилгээ хийжээ. Батлагдсан оноштой хүмүүсийг тусгаарлаж, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг ч бас хатуу дэглэмтэй хөл хорионд оруулсан байна.

 

Арав хоногийн дараа бүх хүнд давтан шинжилгээ хийсэн бөгөөд өвчилсөн хүний тоо 90 хувиар буурсан гэж туршилтад оролцсон, “Imperial College London” их сургуулийн профессор Андреа Кресанти Итали, Британийн хэвлэлүүдэд ярьжээ.

 

Италид коронавирусний халдвараар нас барсан анхны тохиолдол Во Эгуанеод хоёрдугаар сарын 22-нд бүртгэгдсэн бөгөөд тус хотын эрүүл мэндийн байгууллагууд халдварын тархалтыг бүрэн зогсоож чадсан байна.

 

“Шинжилгээ маш чухал байсан, энэ нь олон хүний амийг аварсан" гэж хотын дарга Жулиано Мартини сэтгүүлчдэд ярьжээ.

 

"Шинжилгээ хий, бас дахин шинжилгээ хий"


Өмнөд Солонгос, Тайванийн жишээг даган, хүн амаа коронавирусний шинжилгээнд идэвхтэй хамруулахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ энэ долоо хоногт улс орнуудад уриалсан юм. “Бидний өгөх гол зөвлөмж бол шинжилгээ хий, бас дахин шинжилгээ хий юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус хэлжээ.

 

Профессор Андреа Кресанитигийн ярьснаар, Во Эуганиод бүх хүнийг тэр дундаа шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр хотын хүн амын гурван хувьд нь вирус илэрчээ. Халдвар авсан хүмүүсийн 10 нь шинж тэмдэггүй тээгч байсан бөгөөд бүгдийг нь тусгаарласан байна. "Хүмүүст хоёр дахь удаагаа шинжилгээ хийхэд "эерэг" буюу халдвартай хүний тоо  90 хувиар буурсан" гэж профессор хэлжээ.

 

Давтан шинжилгээгээр шинж тэмдэг илрээгүй дор хаяж зургаан хүнээс халдвар илэрч, тусгаарласан нь маш чухал арга хэмжээ болсон байна. “Хэрэв тэднийг илрүүлээгүй бол халдвар тархсаар байх байсан” гэж Андреа Кресанти Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

 

Тухайн улсын бүх иргэнд шинжилгээ хийх боломжгүй ч халдвар илэрсэн өвчтөнүүдтэй хавьтсан, шинж тэмдэггүй хүмүүсийг шинжилгээнд хамруулах нь маш чухал гэж Андреа Кресанти үзэж байна.

 

Одоо энэхүү туршлагыг Италийн Венето мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 11 мянган хүнээс шинжилгээ авах аж.

 

Италийн байдал лхагва гарагт

Лхагва гаргийн байдлаар Италид коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 475-аар нэмэгдэж, 2978 болсон байна. Энэ нь халдвар тархсанаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм.

 

Италид COVID-19-ийн халдвар авсан нийт хүний тоо 35 700 болсон бөгөөд үүнээс 4000 орчим нь эдгэрчээ. Тус улс халдвар авсан болон нас барсан хүний тоогоор БНХАУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм.

 

Италийн эрх баригчид гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хорио цээрийн хатуу дэглэм нэвтрүүлсэн юм. Коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг хүссэн байна. Гэсэн хэдий ч тус улсад нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа юм.

 

ДЭМБ-ын онцгой байдлын хорооны дарга Майк Райаны үзэж байгаагаар, энэ нь эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаатай болон хүн амынх нь дийлэнх хувийг өндөр настнууд эзэлдэгтэй холбоотой байж магадгүй байна.

 

Лхагва гарагт болсон коронавирустэй холбоотой үйл явдлууд 

Лхагва гаргийн байдлаар дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын 200 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 8000 гаруй хүн нас баржээ.

 

  • ОХУ-д нэг хоногийн дотор 33 тохиолдол нэмж бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 147 боллоо гэж тус улсын коронавирусний халдварын тархалттай тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
  • Их Британид 700 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 2600 болж нэмэгдэж, 104 хүн нас барсан байна. Тус улсад баасан гаргаас эхлэн бүх сургуулийг хааж, шалгалтуудыг хойшлуулахаар болжээ.
  • Испанийн эрх баригчид бүх зочид буудлаа хаав.
  • Европын Холбооны орнууд болон Шенгений бүсэд гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон 30 хоногийн хугацаа хэрэгжиж эхлэв.
  • Африкт коронавирусний халдвараар нас барсан анхны тохиолдол Буркино-Фасо улсад бүртгэгдсэн байна. Тус улсын Үндэсний ассамблейн дэд ерөнхийлөгч Роуз Мари Компаоре 62 насандаа нас нөгчжээ.
  • Хуурай газраар үргэлжилсэн, дэлхийн хамгийн урт хил болох АНУ, Канадын хилийг хаалаа. Үүнийг хоёр улсын удирдагчид баталсан байна.
  • Тавдугаар сард зохион байгуулахаар товлосон “Евровидение” олон улсын хөгжмийн наадам болон зургадугаар сард болох ёстой байсан Британийн "Гластонбери" хөгжмийн наадмыг цуцаллаа.

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404