Солонгосын дайнаар хагацсан гэр бүлүүд удахгүй уулзана
2018/08/20

Өмнөд Солонгосын иргэн, 92 настай Ли Кеун-сум 68 жилийн өмнө хагацсан хүү Ри Сан-чултай уулзжээ. Тэрбээр хүүгээ хамгийн сүүлд 1951 онд буюу дөрөвхөн настай байхад нь харсан гэнэ.

Уулзалтын үеэр “Би өнгөрсөн хугацаанд хүүгээ үхсэн л гэж бодож байна. Түүнийг үхсэн гэдэгт бат итгэж байсан учир уг уулзалтад ирэхийг хүсдэггүй байлаа. Гэтэл хүү минь өнөөг хүртэл амьд өдгөө 71 настай эр болжээ” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

Тэд хатуу чанга дэглэмтэй Хойд Солонгост өнөөг хүртэл амьдарч буй гэр бүлтэйгээ уулзахаар өнөөдөр 13.00 цагт тус улсын  Кумганг уулын баазад хүрэлцэн ирээд байна. Өмнөдүүд уг баазад гурван өдөр байх бөгөөд гол уулзалт ердөө 7 цаг үргэлжилнэ гэнэ.

Дээрх уулзалтад өмнөдийн талаас 89 иргэн, хойдын талаас 83 хүн оролцох билээ. Уулзалтад оролцох Өмнөд Солонгосын иргэдийн ихэнх нь 70-80 насных бол хамгийн ахмад нь 101 настай аж. 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах үеэрээ дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзах санал гаргасан юм. Уг саналыг Ким Чен Ун хүлээн авчээ.

1950-1953 оны хооронд дэгдсэн дайны үеэр олон сая гэр бүл хагацсан билээ. Хоёр улсын эрх баригчид 2000 онд анх удаагаа дайнаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулсан юм. Өнгөрсөн хугацаанд 20 удаа уг уулзалтыг амжилттай зохион байгуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404