ОХУ гадаадын иргэдийг тавдугаар сар хүртэл хилээр нэвтрүүлэхгүй
2020/03/18

Оросын холбооны улс “Covid-19” өвчний халдварын тоо нэмэгдэхээс сэргийлж өнөөдөр буюу 03 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, улс хоорондын ачаа тээврийн жолооч, агаарын хөлгийн болон усан онгоцны багийн гишүүд, галт тэрэгний бригадаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав

Иргэд урт хугацаанд хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцлөх болсон тул ХААЯ-наас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 2 сарын нөөц бүрдүүлэх, мөн хүнсний хангамжид хяналт судалгаа хийх үүрэгтэй шуурхай штаб байгуулах чиглэл өгөв. Харин Москвад 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 50-иас дээш хүн оролцох олон нийтийн арга хэмжээг хориглох, 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 12-ныг хүртэл бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн Санкт-Петербург хотод “Covid-19” өвчний шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн зөвлөлийн дэргэд “Covid-19” вирусийн тархалттай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Тус улсад вирусийн халдвар нэмэгдсээр байгаа тул Москва-Берлин, Парис чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэгнүүдийг зогсоож, “Аэрофлот” компани 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарыг дуустал Европ, Төв Азийн бүс нутгийн 16 чиглэлийн нислэгээ түр зогсоолоо. Үүнд Прага, Франкфурт, Мюнхен, Салоники, Барселона, Цюрих, Копенгаген, Осло, Кишинев, Вильнюс, Варшав, Таллин, Вена, Ташкент, Бухара, Самарканд зэрэг чиглэл багтжээ. Харин Прага, Мюнхен, Цюрих, Копенгаген, Осло, Кишинев, Вильнюс, Варшав, Таллин, Вена зэрэг орноос өөрийн улсын иргэдийг авч ирэх тусгай нислэг үйлдсээр байна. Түүнчлэн Европын холбооны орнуудын нийслэл болон Лондон, Женев, Осло хот руу Шереметьево нисэх буудлын “F” терминалаас нислэг үйлдэх аж.

Тус улсын Ерөнхий сайд М.Мишустин Польш, Норвеги Улстай хилээ хаах, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэдийг албадан эмнэлэгт хэвтүүлэх, олон нийтийн газраар явахыг хориглох шийдвэр гаргасан бөгөөд Москва дахь хувийн сургуулиудыг 16-ны өдрөөс эхлэн 14 хоног амрах, эсхүл цахим хичээлд шилжихийг зөвлөв.

“Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадтай хиллэх боомтуудаа хаах, хятад иргэдийг нэвтрүүлэхгүй байгаагаас Өвөрбайгалийн хязгаар дахь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил саатах, ажиллах хүчний хомстол үүсч буй тул тус субъектийн Барилгын яам Узбекистанаас ажиллах хүч авах шийдвэр гаргажээ. Гэвч нутгийн иргэд энэхүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна.

Н.И.Пироговын нэрэмжит ОХУ-ын Анагаахын шинжлэх ухааны судалгааны их сургуулийн Хүүхдийн халдварт өвчин судлалын тэнхмийн доцент И.Коновалов, “шинэ төрлийн коронавирусийн халдвар нь энгийн томуутай адил тогтмол мутацид орж байна. Мөн амьтнаас хүнд анхлан халдварласан. Иймд вирусийн хүч суларч, аюултай байдал нь буурна. “Covid-19” өвчний халдварын шинэ давалгаа гарч олон хүн өвчлөх боловч өнөөгийнх шиг аюул дагуулахгүй” гэв.

ОХУ-ын эрдэмтэд вирусийн халдварыг эмчлэх вакциныг энэ оны намар гэхэд амжилттай боловсруулж чадвал ирэх оны дунд үед худалдаанд гаргах боломжтой хэмээн үзжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404