У.Хүрэлсүх: Ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе
2020/03/18

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярт зориулсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

Монгол Улсын иргэд ээ,

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа,

Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа,

Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна.

Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.

Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404