MNS 6828:2020 АМНЫ ДААВУУН ХААЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТ БАТЛАГДЛАА
2020/03/18

Нэг удаагийн амны хаалтны түүхий эд гадаад улсаас хамааралтай байгаагийн дээр COVID 19 халдвар дэлхийд эрчимтэй тархалттай байгаагаас дэлхий дахинд нэг удаагийн амны хаалтны хомсдол үүссэнтэй холбоотой олон дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглэх шаардлага гарч байна.

  Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл  болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг хэдий ч түүхий эдээ 100% импортоор оруулж ирдэг бөгөөд одоогоор түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байна.

  Иймээс бид ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан бөөнөөр үйлдвэрлэх боломжтой. Энэ ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд олон дахин хэрэглэх амны  даавуун хаалтны стандартыг боловсруулж, батлуулах зорилго бүхий ажлын хэсгийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулсан юм. Уг ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Халдвар өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуурын сорилтын төв лаборатори, Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажиллав. Ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд СХЗГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн С/09 тушаалаар “MNS 6828 : 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт батлагдлаа.  

Энэхүү стандартаар Агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон. Уг “MNS 6828 : 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт нь стандартчиллын олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн боллоо.

Дашрамд дурдахад, өнөөдөр эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэлд хамаарах дор дурдсан 4 стандартыг хүчин төгөлдөр мөрдөж байна. Үүнд:

  1. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 1-р хэсэг. Малгай. Техникийн шаардлага MNS 6623-1:2016
  2. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 2-р хэсэг. Амны хаалт. Техникийн шаардлага MNS 6623-1:2016
  3. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 3-р хэсэг. Халаад. Техникийн шаардлага,  Мэс заслын ариун халаад MNS 6623-3:2016
  4. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 4-р хэсэг. Гутлын өмсгөл. Техникийн шаардлага. MNS 6623-4:2016

Үндэсний үйлдвэрлэгчид эдгээр стандартуудыг “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай” хуулийн хүрээнд үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой юм. Стандартыг  www.estandard.gov.mn вэб хуудсаас бүрэн эхээр нь үзэж танилцана уу. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404