​БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээлийн явцтай танилцлаа
2020/03/05

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр теле хичээлийг бичих явцтай танилцлаа.

Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Монголын телевизүүдийн холбоотой хамтран Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн суралцагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор теле хичээлийг зохион байгуулж байгаа. Нийт 1044 теле хичээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 554 хичээлийг хүргээд байна.

Теле хичээл бэлтгэхэд 173 багш, 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, 18 телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагч зэрэг 300 гаруй ажилтан, нийт 600 орчим хүн ажиллаж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нарын санал бодлыг сонсож, тэдэнд болон теле хичээл бэлтгэж буй телевизийн багийнханд талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулахгүй,  IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцож, холбогдох баримт бичигт тэмдэглэнэ гэлээ.   

Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд 2020 оны 6 сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл явагдана.  Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгаврыг бага, дунд боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд боловсруулна. Гэхдээ шалгалтын сэдэв, даалгавар нь суралцагчийн хичээлийн жилийн хугацаанд судалсан агуулгыг хамарсан байхаар тооцож байна гэсэн юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404