“Rio Tinto” Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийлээ
2020/03/17

“COVID-19” халдварын тархалттай холбогдуулан Монголын эрх баригчдын хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд Оюу толгой уурхайн үйл ажиллагаа нийцэж буй эсэхийг баталгаажуулахын тулд “Rio Tinto” групп Монголын Засгийн газартай хамтран ажиллаж байна. “Rio Tinto” болон Оюу толгойн багийн эн тэргүүний зорилт нь ажилтнууд, гүйцэтгэгч компаниуд, цаашлаад нийгмийн аюулгүй байдлыг хангаж, тэдний эрүүл мэндийг хамгаалах явдал юм.

 

Хэдийгээр далд уурхайн төслийн ажил үргэлжилж байгаа боловч Монголын эрх баригчдын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын явц удааширч байна. Рио Тинто, Оюу толгой, барилгын ажлын гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтыг хянах, мэргэжил арга зүйгээр хангах, техникийн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх баг бүрэлдэхүүнийг ирүүлэх боломж хязгаарлагдмал болжээ. Мөн гурав, дөрөвдүгээр босоо амын цамхагийг ашиглалтад оруулах зэрэг техникийн үйл ажиллагаануудыг аюулгүйгээр үргэлжлүүлэхэд мэргэжилтнүүд шаардлагатай болжээ. 

 

Далд уурхайн төсөл удааширснаар ямар үр дагавар үүсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд компани тодорхой болох үед нь дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх аж. Гүний уурхайн төслийн зураг төсөл энэ оны эхний хагаст багтаан дуусах хуваарь хэвээр байгаа бөгөөд гүний уурхайн хүдрийн биетийг ашиглах бүтээн байгуулалтын шинэчилсэн тооцоолол 2020 оны хоёрдугаар хагаст гарах төлөвтэй байна. “COVID-19” халдвараас үүдэлтэй нөлөөнүүдийг үл харгалзан Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаа үргэлжилж, хэрэглэгчдэдээ зэсийн баяжмалаа үргэлжлүүлэн нийлүүлсээр байгаа ажээ. 

 

“Rio Tinto” группийн Зэс-Очир эрдэнийн гүйцэтгэх захирал Арно Сойрат хэлэхдээ, “COVID-19 халдвартай холбогдуулан Монголын Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг бид дэмжиж, Оюутолгойд байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулж байна хэмээгээд, эдгээр арга хэмжээ нь хүмүүс болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашрахад хүргэж байна гэжээ. “Мөн үүний үр дагаврыг тооцоолоход хэтэрхий эрт байгаа бөгөөд хоцрогдлыг арилгахын төлөө манай баг чадах бүхнээ хийж байна. Бид цаашид Монголын Засгийн газар, хэрэглэгчид болон нийлүүлэгчидтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж тэрбээр хэлжээ.

 
Эх сурвалж: Монцамэ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин103.57.94.24
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм яаг онохыг онол гэнэ
2020/03/17
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404