З.Энхболд: Д.Сумъяабазар сайд аа, мөнгө үрэх гэж байгаагаа одоо зогсоох хэрэгтэй
2020/03/16

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд: “2018 оны зургаадугаар сарын 14-ний ҮАБЗ-ийн хурал, 2018 оны зургаадугаар сарын 20-29-ний долоо хоног дахь байнгын хороо, 29-ний чуулганаар Тавантолгойн IPO гаргах тухай номыг ашиглаж УИХ-ын гишүүд Тавантолгойг хувьчлах 73 дугаар тогтоолыг гаргасан юм. Тус номонд Тавантолгойг хувьчлах нь яагаад зөв бэ гэх агуулгатай олон зүйл бичигдсэн. Номны 120-122 дугаар хуудсан дээр хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгүүд бий. Конвейерийн систем 75 сая ам.доллар, олборлолтын техник, тоног төхөөрөмж 1.300 сая ам.доллар, хайгуул, судалгаа 150 сая ам.доллар, нүүрс баяжуулах үйлдвэр 500 гаруй сая ам.доллар, ус хангамж 150 сая ам.доллар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 орчим км төмөр зам 824 орчим сая ам.доллар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих төсөл 1.24 тэрбум орчим ам.доллар байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км орчим хатуу хучилттай авто зам, Тавнтолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын төсөл гэх мэт гурван замыг концессоор барина гэж байна. Түүнчлэн Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцыг нэг тэрбум ам.доллароор барина гэжээ. Д.Сумъяабазар ҮАБЗ-ийн гурван гишүүнд болон УИХ-ын гишүүдэд “5.2 тэрбум ам.доллар олно” гэж хэлээд 73 дугаар тогтоолыг батлуулсан. Тогтоолыг батлуулснаас хойш таван тэрбум 239 сая ам.доллар хэрэгтэй гэж байсан бөгөөд гурван тэрбум 364 сая ам.долларыг Тавантолгой өөрөө шийдсэн. Хамгийн түрүүнд 1.3 тэрбум ам.доллароор тоног төхөөрөмж авна гэж байсан. Үүнийг гэрээт олборлогч компаниуд улсаас нэг ч төгрөг авалгүйгээр хийсэн. Дараагийн 824 сая ам.доллар, нэг тэрбум 240 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван аргаар шийдсэн байна. Тухайлбал, 2018 оны татварын дараах цэвэр ашиг 807 тэрбум, 2019 оны ашиг 800 тэрбум, нүүрсээр төлбөр хийх замаар хоёр чиглэлийн нийт 654 км төмөр замын санхүүжилтыг шийдээд энэ жил нэг нь дуусна. Ирэх жил нөгөөх нь дуусна. Дээрх гурвын нийлбэр гурван тэрбум 364 сая ам.доллар. Одоо 875 сая ам.доллар дутуу байна. Үүнээс 500 сая ам.доллароор нүүрс угаах үйлдвэр барихыг би буруу гэж бодож байгаа. Яагаад гэхээр нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр нэг сая ам.доллар.

Д.СУМЪЯАБАЗАР САЙД АА, ОДОО ТАВАНТОЛГОЙГ ХУВЬЧИЛДАГ ЦАГ ҮЕ НЬ БИШ

500 сая ам.доллар 30 сая ам.доллар болж буурах ёстой. Иймд 875 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” 2021 онд шийдчих жижиг мөнгө болох юм. “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ алга болсон учраас УИХ-ын 73 дугаар тогтоолыг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Д.Сумъяабазарын төлөвлөсөн нэг тэрбум ам.доллар хүрэхээргүй боллоо. Удахгүй хэдэн зуун сая ам.доллараар зарах тухай ярьж эхлэх байх. Одоо Тавантолгойг хувьчилдаг цаг үе нь биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтаа хийгээд дуусаж байгаа учраас үүнийг зарах хэрэг юу байна вэ гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гурван гишүүнд хандаж байна. Энэ шийдвэрээ хурдан албажуулахгүй бол IPO хийх нэрээр мөнгө үрдэг. Одоо хэдэн арван сая доллар үрэхээр бэлдэж байна. Д.Сумъяабазар сайд аа, мөнгө үрэх гэж байгаагаа одоо зогсоох хэрэгтэй” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404