Тусгай хуваарьт нислэгээр монгол иргэдийг авчрах нислэг маргааш 07.45 цагт хийнэ
2020/03/14

Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд эмнэлгийн хяналтанд байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчирна.

Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм.

Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404