БНСУ-д коронавирусний халдварын 114 шинэ тохиолдол бүртгэгджээ
2020/03/12

БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 114 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7869 болжээ. Өмнөх өдөр 242 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд тус улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. 

 

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар нийт 66 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ. БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 61 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа юм.

 

Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор ойрын өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурах төлөв ажиглагдаж байгаа хэдий ч Сөүл хотын Гуро дүүргийн дуудлагын төв зэрэгт шинэ голомт үүсэх төлөвтэй байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байна.

 

Шинээр бүртгэгдсэн 114 тохиолдлын 73 нь Дэгүд, найм нь Умард Гёнсанд, 19 нь Сөүлд бүртгэгдсэн бөгөөд лхагва гаргийн оройны байдлаар Дэгүд 5867, Умард Гёнсанд 1143 тохиолдол илэрчээ.

 

БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19” халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн талаар лхагва гарагт олон нийтэд мэдээлжээ. Дэлхий дахинд нийт 118 мянга гаруй хүн халдвар авч, 4300 орчим хүн нас баржээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404