Нэр дэвшихээр горилж буй танд хүргэх хэдэн үг байна
2020/03/11

Улс орны хөгжлийг урагшлуулах бодолтой, сэтгэлтэй бол та дэвших хэрэгтэй бас эрхтэй. Мөнгө, эрх мэдлийн төлөө бол та энэ Монголын ирээдүй хойч, үр хүүхдээ бодоод энэ хаалгыг гаднаас нь хаагаарай.

Үүнийг хэлэх болсны учир нь өөрөө боловсроогүй, зөв хүн гэх тодорхойлолтод багтаагүй, харилцаа хандлагын хувьд асуудалтай, би гэдэг ертөнцдөө амьдраад, бид гэдэг ойлголтыг мартсан ийм хүмүүс дэвшихээр бэлтгэж байгаа бололтой. Худал инээсэн зураг, хуурамч амлалт, эвлүүлж өрүүлсэн хөрөг нэвтрүүлгээрээ хуурахаар санаархагчид дэвшихээр бэлтгэж байгааг харж байна. Мөнгөө төлөөд дэвших эрхээ авч болно, харин сонгох эрх бидэнд бий гэдгийг сануулахыг хүсч байна.

Хамт олон, найзууд болон намын нөхдийнхөө итгэлийг уландаа гишгэчихээд докторын дипломоороо гангараад яахав дээ. Харвард, Колумбын их сургууль төгсчихөөд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, үзэл бодол,  үнэт зүйлээсээ өөр араншин гаргадаг тэд төгссөн сургуулиараа овоглох эрх байна уу үгүй юу.

Туулсан зам нь дэндүү дардан, хоосон санаа нь дэндүү дээгүүр айлын эрх бацаанууд G хорооллын амьдралыг өөрчлөх ямар алхам хийхийн бол доо. Дүүргийнхээ өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж үзээгүй тэд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг яаж шийдэхийн болоо. Хүүхдүүдийнхээ 20 мянган төгрөгөө авдаггүй, мартчихдаг тэд 20 мянган төгрөгийн үнэ цэнийг хэрхэн ойлгох юм бол!

Шударга хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрээгүй, хөлс хүчээ гаргаж ажиллаж үзээгүй тэд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, дундаж давхрагыг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж чадах уу? Мэдээж ганцаараа хийх ажил биш л дээ. Ийм хүмүүс өөрөөсөө дээгүүр боловсролтой, өөрөөс нь дээгүүр сэтгэдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсээс айдаг болохоор ур чадвартай нэгнийг бус цүнх баригч, бөгс долоогчдыг зөвлөхөөрөө авдаг гэдгийг цаг үе бидэнд хатуу сануулж байна.

Аав ээж нь гишүүн байсан, байгаа гэхээр тэд заавал гишүүн болох албатай юу? Тэднийхээ хийж чадаагүйг хийхээр зориг шулуудсан байж болох ч  гишүүний суудал хааны сэнтий, хатны суудал биш гэдгийг хэзээ ухаарч ойлгох юм бэ? Айлын эрх хүүхдүүд гишүүн болноо гишүүн болноо гэх таагүй чимээ их л ойрхон сонсогддог боллоо.

Баярын мэндчилгээгээр хуурч, постер гэх бялуунд бялууруулж, нэвтрүүлэг бүрийн зочны хойморт тухлах таныг сонгох сонголт бидний гарт бий шүү. Нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол нийгмийнхээ асуудлыг нэг хүний үгээр бус нийтийн дунд нь ороод хараад, алхаад үзээрэй. Дэвших тойргийнхоо хөгжил, асуудлыг боломжийнхоо хэрээр судлаад үзээрэй. Олон улсын жишигтэй, бусад аймаг, дүүрэгтэй харьцуулаад шинжлэн дүгнээрэй. Монгол Улс хэмээх их айлын асуудлыг шийдэх тэмүүлэлтэй байгаа бол одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, журмуудаа нэг хараарай. Хэрэгцээ шаардлагатай хууль, дүрэм журмаа тэмдэглээд шийдвэртэй алхмуудаа цэгцлээрэй. Дэвших тойргийнхээ иргэдтэй зураглаач, зурагчин, сэтгүүлчтэй бус ганцаараа уулзаад ярилцаарай. Улаанбаатар хотод ажиллаж амьдарчих аад аймгийг хөгжүүлэх гарц шийдлийг олж болох эсэхийг өөрөөсөө нэг асуугаарай.

Дөрвөн жил гишүүн нэр зүүхдээ бидэнд хэрэгтэй цөөхөн хуулийг санаачлан батлуулж чадах, аймаг дүүргээ хөгжлүүлж чадах сэтгэл, зүтгэл, ур чадвар танд байна уу? Бидэнд сонгох эрх бий…

Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Гэтэл биеэ засаж боловсруулж, ухаажаагүй байж төрийг эргүүлнэ гэж самархаа болиод өгөөч. Сонгогдсон та ард түмнийг төлөөлж байгаа төлөөлөл болохоос бурхан биш. Таны мөнгө хар мөрөө баллах баллуур биш, таны санаархаж байгаа суудал, эрх ямба бүхнийг бүтээгч шидэт дохиур биш шүү.

Цаг нь болохоор нэр устай нь хандаж бичиж болно. Үргэлжлэл бий…

Сэтгүүлч А.Ундрахбаяр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404