Олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоов
2020/03/11

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404