Хувийн аж, ахуйн нэгжүүд орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ
2020/03/09

Улсын онцгой комисст “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө. Энэ үеэр дээрх компанийн удирдлагууд Улсын Онцгой комиссын орон нутгийн бэлэн байдал, хамгаалах чадавхийг бэхжүүлэх тал дээр дэмжиж байгаагаа дуулгасан юм.

Тухайлбал “Монголросцветмет” ТӨҮГ Бор-Өндөр сум болон харьяа үйлдвэрүүд байрлах орон нутгийн эмнэлэгт шаардлагатай хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг хандивлаж, онцгой нөхцөл байдалд ашиглах тусгаарлах өрөө, техник хэрэгслийг бэлдсэн тухай уламжлан эмнэлгийн нэг удаагийн зориулалтын иж бүрэн хувцас хэрэглэл, мөнгөн хандивыг Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгсөн юм.

 Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч байгаа явдалд талархал илэрхийлж, ажилчдын нэг өдрийн цалингаа Улсын Онцгой комисст хандивлаж, Орхон аймгийн Онцгой байдлын газарт орон нутгийн чадавхи, бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн хандив өргөж байгаагаа мэдэгдлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын мэдээлэл, харилцаа холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн Мобиком корпораци 10 мянган ширхэг цэнэглэгч картыг Улсын онцгой комисс, болон аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах улсын албадын хэрэгцээнд зориулан хандивлалаа. Түүнчлэн 03 дугаар сард борлуулагдсан “Хайр түгээе” цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг мөн Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх болсноо уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

 

Хүнд хэцүү цаг үеийг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө хамтдаа тэмцэж хандив өргөн, Монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж байгаа нийт ард иргэддээ Улсын Онцгой Комиссын зүгээс талархал илэрхийлж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404