Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрыг эх орон нь дуудаж байна
2020/03/07

Иргэд болон нийгэмд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг хийчихээд гадаадын улс орон руу оргон зугатах үйлдлийг Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс манлайлдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Т.Бадамжунай гээд жагсаалт хөвөрнө. Ер нь төрд зүтгэх тангараг өргөж, томоохон албан тушаалд томилогдсон зарим нэгэн эрх мэдэлтэн өөрийн эрх мэдлээ ашиглаж, хээл хахууль авч, улс орондоо их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь илрээд ирмэгц, хариуцлагаас мултарч, амиа хоохойлон хил давж оддог зуршил тогтоод байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг эх орон нь дуудаад удлаа.

“Хуулийн байгууллагаас дуудвал гутлаа тослоод, зангиагаа засаад очно” гэж амлаж явсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байтал хил давж одсон. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг удаа дараа дуудсан ч ирж мэдүүлэг өгөхгүй байгаа талаар өмнө нь мэдээлж байв. Тухайн үед “Олон Улсын хуралд оролцож явна. Удахгүй очиж мэдүүлгээ өгнө, зугтах шалтгаан байхгүй” гэж жиргэж байв. Гэвч тэр өнөөг хүртэл ирээгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулж, АТГ-аас Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байгаа юм. Уг мэдээлэл цацагдсаны дараа “Би удахгүй очно, намайг хайхын тулд заавал Интерполоор яах нь вэ” гэж жиргэсэн юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэгэн адил эх орондоо ирж, мэдүүлэг өгөхгүй байгаа мөртлөө цахим орчинд үе үе гарч ирж, мэдэгдэл хийдэг хүн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Түүний хувьд өнгөрсөн оны наймдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж, гадагшаа явснаас хойш ирээгүй байгаа юм. Мөн л АТГ-аас удаа дараа дуудаад ирээгүй тул Интерполд хандаад байгаа.

 

Баримт1. 2020.03.02 “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс Нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүллээ

Тус шаардлагад:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, таслан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт авсан таслан сэргийлэх ажиллагааны шүүхийн шийдвэрийн хуулбарыг өгнө үү.

Мөн нэгдүгээр сарын 10-нд гарсан Ч.Сайханбилэгийг хилээр нэвтрэхэд таслан сэргийлж баривчлах тухай тогтоолын хуулбарыг өгнө үү гэжээ.

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс “Тэднийг Олон улсын түвшинд интерполоор эрэн сурвалжилж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Бид Гадаад хэргийн яаманд хандан тэдний дипломат пасспортыг хүчингүй болгож, тус хоёр иргэнийг нэн яаралтай Монгол Улсад ирүүлэх тал дээр ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

Баримт 2. Гэтэл шинийн хоёронд гарсан нэвтрүүлгийн төгсгөлд “Та эх орондоо очих уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй, шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна” гэсэн хариулт өгөв. Энэ үгээрээ тэр “Би орондоо очихгүй” гэдгээ тодорхой илэрхийлэв. Гэтэл түүний найз Э.Бат-Үүл: “Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй. Шүүх хурлыг орон даяар, өргөн нэвтрүүлгээр харуулах хэрэгтэй. Тэгээд, ардчиллын нэг амин сүнс болох шударга шүүхээр шүүлгэх монголчуудын эрх ямар байдалд орсныг ард түмэнд харуулах хэрэгтэй” гэж зарлаад байна.

Баримт3. Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Ц.Элбэгдоржийн найзууд нийлж "Нэгдмэл найзуудын холбоо" гэж байгуулаад оффшор бүсээс мөнгө угаасан нь нотлогдсон. Үүнээс болж тэр эх орондоо ирэхгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирнэ гээд байсан хаана байна. Одоо ирээд хуулийнхаа өмнө шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд явж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нь гаднын нутагт байгаад байж болохгүй. Ямар удаан хуралд суудаг юм бэ. Four seasons гээд таван одтой зочид буудалд амьдраад зургаан сар болж байна” хэмээн мэдээлсэн. Яг энэ мэдээлэлтэй холбоотой баахан сенсаац дэгдсэн.

image

image

Юу ч болж байсан гэлээ, арай коронавирус биш болохоор намжих л байх. Гэхдээ Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг эх орон нь дуудаж байна. Гутлаа тослохгүй, зангиагүй ч хамаагүй хүрээд ир. Үнэн зөвөө ол. Эх орон чинь чинь дуудаж байна. Иргэд чинь хүлээж байна.

 

Эх сурвалж: Мэдээ.Мн

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404