“Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” болно
2018/08/16

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор 2018 оны наймдугаар сарын 17-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр (2018.08.16) Төрийн ордноо боллоо.

Зохион байгуулах хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав хурлын эхэнд, “Шатар монголоос үүдэлтэй гэдэг. Манай шатрын нас, насны тамирчдын амжилт жил ирэх тутам нэмэгдэж байгаад баяртай байна. Олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Хэдийгээр манай улс эдийн засгийн хөгжлөөрөө бусад улс орнуудтай харьцуулахад төдийлөн сайн биш ч гэсэн оюуны чадавхаараа дэлхийд тэргүүлж байна. Гадаадад зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд төсөв, мөнгөний асуудлаас болж 10 орчим тамирчин л оролцдог бол эх орондоо болох томоохон тэмцээнд илүү олон тамирчин оруулж, чансааг нь ахиулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой. Дэлхийн шатрын холбоо, Азийн шатрын холбооноос Монгол Улсыг сонгож, энэ жилийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон нь бидэнд үзүүлж буй том итгэл, хариуцлага юм. Манай улсад шатрын спортын хөгжил ямар байгааг илтгэж байгаа нэг үзүүлэлт гэж бодож байна. Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадвал магадгүй дараагийн Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг эх орондоо хийх боломж бүрдэхийг үгүйсгэхгүй. Тамирчдаа бэлтгэх, олон улсад үзүүлэх амжилтыг нь нэмэгдүүлэх үүднээс олон талын ажлыг зохион байгуулж байна” хэмээн онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404