З.Энхболд vs МАН
2020/03/05

Монгол Улсын сайд асан М.Энхсайханы боловсруулсан, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын өргөн барьсан Тавантолгойн төслийг тухайн үеийн УИХ-н дарга З.Энхболд “Монголын ард түмэнд хохиролтой гэрээг Засгийн газар хийх гэж байна” хэмээн зогсоож байв. Түүнээс хойш Тавантолгойн орд газрын менежментийг монголчууд өөрсдөө хийн ашигтай ажиллаж байгаа билээ.

“Дахин сэргээгдэхгүй баялгийг дөрөвхөн жилээр сонгогддог УИХ-ын гишүүд шийдэж болохгүй”

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд жил гаруйн өмнө хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа, “Дахин сэргээгдэхгүй баялгийг дөрөвхөн жилээр сонгогддог УИХ-ын гишүүд шийдэж болохгүй. Үндсэн хуульд заасан эзэд нь болох ард түмэн өөрсдөө шийдэг. Харин ч гацсан гээд байгаа найман жилийн хооронд “Эрдэнэс Тавантолгой” компани хөл дээрээ зогсож нэг ч төгрөгийн өргүй, газар дээр гаргасан нүүрснийхээ зардлыг төлөөд тонныг нь 70 ам.доллараар зараад амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн оны татварын дараах цэвэр ашиг 461 тэрбум төгрөг дансанд нь байна. Зүгээр ажиллаж байгаа компанийхаа 30 хувийг, нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар зарахаар зэхэж байгаа нь харин үндэсний эрх ашгийн эсрэг, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэдээ хохироохоор байна. “Эрдэнэс Тавантолгой”-г “хөдөлгөх”, 1072 хувьцааг “амилуулах” гээд эдийн засгийн биш эмоцид зориулсан толгой эргүүлсэн нэр томьёо хэрэглээд бүүр дасал болж” гэж байв.

Уг гэрээг хариуцаж явсан, талуудын хэлэлцээрийг удирдаж байсан М.Энхсайханыг Тавантолгойг зуун жилээр Хятадад өгөх гэж байсан гэх шуугиан олны анхааралд байна. М.Энхсайханд хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлээд байгаа бол Тавантолгойн гэрээг зогсоож байсан З.Энхболд үгээсээ буцалгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ныг хувьчлах асуудлыг ард иргэдтэйгээ хамтран дахин зогсоохоо мэдэгдлээ.

МАН-ын ПИ АР З.Энхболдын эсрэг чиглэв үү

Хэдхэн өдрийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв мэдээлэл хийсний дараагаар сөрөг хүчний зүгээс түүнд чиглэсэн гүтгэлэг, дайралтууд ирэх болсон талаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Таван толгойн хууль бус хувьчлалыг зогсоох тухай ярьж эхэлмэгц ийм гүтгэлэг яаран сандран эвлүүлжээ. 100 хувь гүтгэлэг бөгөөд сүүлийн 20 жил хуулийн байгууллага гүтгэлэг гэдгийг нь тогтоосон. Баримтууд нь бэлэн байгаа, тогтоох ч шаардлагагүй. Дахин дахин гүтгээд байгаа тул эрүүгийн хуулийн дагуу шийдүүлэхээр хуулийн байгууллагад хандлаа. Жич: МАН-ын УИХ 73-р тогтоолоо л хүчингүй болгочих, над руу дайраад нэмэргүй, 1996 оноос хойш дайрсаар байгаад итгэх хүн үлдээгүй сэдэв” гэж мэдэгджээ.

image

 

image

image

 

БАЙР СУУРЬ: Нэг асуулт, Хоёр хариулт

-Хэрэв Тавантолгойн төсөл үргэлжилсэн бол ямар үр дүнд хүргэх байсан бэ?-

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд: “Тавантолгой Монгол Улсынх байхаа болих байсан. Монголыг 100 жил тэжээх 6.7 тэрбум тонн нүүрсний орд байхгүй болох байсан. “УИХ-гүйгээр шийднэ” гэж тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайд асан М.Энхсайхан нар ярьж байгаад явах гэж байхад нь зогсоож, “Огцруулна шүү” гэж айлгаж байж авч үлдсэн. Үнэгүй өгөөгүй учраас өнөөдөр бид төмөр зам тавьж байна, үнэгүй өгөөгүй учраас иргэн бүр ногдол ашиг авч байна. Тэр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гээд байгаа нь ямар ч хэрэггүй байсныг дараачийн таван жилийн үр дүн баталж байна. Одоо намайг “гацаагч” гэж байна лээ. Тийм. Би гацаасан. Тэгээд яадаг юм. “Энержи ресурс” ХХК нь Ц.Элбэгдоржийн найз. Монголд ганцхан бүтэлтэй компани байгаа. Тэр нь “MCS” гэж яриад байгаа юм. Монголд маш олон бүтэлтэй компани байгаа. Бүгдэнд нь ижил хандах үүрэгтэй хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч. 1990 оноос өмнө хайгуул хийсэн 100-150 орчим ордыг эздээс нь буцааж авах ёстой. Яагаад гэвэл эдгээр хүмүүс энэ баялгийг бий болгоогүй. Нэгдүгээрт, Байгалийн баялаг. Хоёрдугаарт, Уг баялгийг улс өөрөө олсон” гэв.

“Үнэгүй өгөөгүй учраас өнөөдөр бид төмөр зам тавьж байна, үнэгүй өгөөгүй учраас иргэн бүр ногдол ашиг авч байна. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ямар ч хэрэггүй байсныг таван жилийн үр дүн баталлаа”

Монгол Улсын сайд асан М.Энхсайхан: “Би тэмээ, ямааг харьцуулж болохгүй гэж хэлэх дуртай. Үүнтэй ижил өнөөдрийн ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны үйл ажиллагааг бидний хийх гэж зүтгэж байсан төсөлтэй харьцуулахын аргагүй. Яагаад вэ гэхээр одоогийн “Эрдэнэс Тавантолгой” ХК бол түүхий нүүрс олборлоод гаргаж байгаа. Бидний хийсэн төсөл бол түүхий нүүрсээ боловсруулаад гаргах тухай байсан. Үнийн талаас нь аваад үзсэн ч түүхий нүүрснээс боловсруулсан нүүрсний үнэ дор хаяж гурав дахин өндөр юм” гэжээ.

Эх сурвалж: Medee.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404