Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ
2020/03/04

Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.

Өнөөдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад дуулгалаа.

Мөн өдөр “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5,8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ.

Тэгвэл иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэгийг үзүүлэв.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аас Төрийн банк: 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж,  нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байна.

 Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404