Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна
2020/03/03

“COVID-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай (ОУШХБ) хамтран хотоос гарч, орж буй хөдөлгөөнд асуумжын аргаар судалгаа хийжээ. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны талаар нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар сарын 27-29-ны хооронд хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнд DTM асуумжын аргаар судалгааг хийсэн бөгөөд  нийт 25217 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатар хот руу 7760 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 3269 тээврийн хэрэгсэл хотоос гарсан, хот доторх 18188 тээврийн хэрэгсэл зорчиж байгаа мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Өнгөрсөн хугацаанд хийгдсэн асуумжын аргаар хийгдсэн судалгааг ажиглахад зорчиж байгаа хөдөлгөөний нийт хувийг 60 хувийг эрэгтэй, 28 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дүүргүүдийн хувьд Хан-уул дүүрэгт орж гарч байгаа хөдөлгөөн хамгийн их байгаа нь тогтоогдсон.  Маргаашнаас хот хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Шалган нэвтрүүлэх товчоодод үргэлжлүүлэн судалгаа хийгдэнэ” хэмээн хэлэв.

ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Дэлхийн 80 гаруй оронд туршигдсан энэ судалгааны аргыг Монгол улсад хэрэглэж байна.Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирусийн үед ашиглаж байсан. Тухайн үед маш сайн үр дүн өгч байлаа.  Шинэ төрлийн халдвар илэрсэн тохиолдолд халдвар тээгчийн харилцсан иргэдийг түргэн шуурхай илрүүлэх зорилготой энэхүү асуумжын судалгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ард иргэд та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж, үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй. Энэ бүх ажил бол иргэдийн эрүүл мэндийг  хамгаалахын төлөө хийж буй зүйл юм шүү” гэлээ.

Маргаашнаас шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс цахимаар асуумж авах бөгөөд иргэдийн зүгээс үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэйг албаныхан сануулж байв. Ингэснээр өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404