Монголын боксчид олимпын эрхийн төлөө тулалдахаар Амман хотыг зорив
2020/02/26

Ази, Номхон далайн орнуудын боксчдод “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээнийг гуравдугаар сарын 3-11-нд Йорданы нийслэлд зохион байгуулах бөгөөд Монголын боксчид өнөөдөр өглөө Амман хотноо /2020.02.26/ очоод байна.


Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат Д.Батсүрэн тэргүүтэй нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Йорданд очсон байна. Уг эрх олгох тэмцээнийг Хятадын Ухань хотноо зохион явуулах байсан боловч коронавирусний тархалтаас болж цуцалсан юм.

 

Энэхүү тэмцээнээр хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байр эзэлсэн тамирчдад “Токио-2020” олимпын рингэнд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпын үлдсэн эрх авахын төлөө тулалдах юм байна.

 

Ташрамд сонирхуулахад, Монголын боксчид 1972,1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны олимпын наадамд нийт 11 удаа хүчээ сорьж нэг алт /Э.Бадар-Ууган/, 2 мөнгө /П.Сэрдамба, Н.Төгсцогт/, 4 /Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай/ хүрэл медаль хүртээд байгаа юм.

Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт /П.Сэрдамба/, 4 мөнгө /Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт/, 5 /Э.Цогтжаргал, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай, М.Нандинцэцэг/ хүрэл медаль хүртсэн билээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404