Шалган нэвтрүүлэх 6 товчоодоор хотруу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна
2020/02/26

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ.

Мөн Засгийн газар, салбарын яам, НОК-оос Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотруу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод 2 сарын 23-ны өдрөөс 27-ны  өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Иргэд ч аюулт өвчих тархахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч байгаа төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа гэдгийг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны 6000 орчим албан хаагчид тус тусын үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ гудамж талбайд эргүүлээр ажиллаж, CoV19-ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгаа.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын А танхимд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын холбогдох албан тушаалтнууд Монгол дах Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нарын албаны хүмүүстэй уулзаж, COVID-19  халдвараас  урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асууж хэрэгжүүлэх төслийн талаар ярилцан санал солилцлоо.

НЗДТГ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран уг төслийг Хот хоорондын замыг нээх өдөр буюу 02 сарын 27-ний пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин  тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунтэд багтаан асуумжаа авах аж.  

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн  цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой.

Уг асуумж-аргачлал нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалгүйгээр, бусдад төвөг учруулахгүйгээр тухайн асуумжийн асуултанд идэвхтэй, үнэн зөв хариулахыг холбогдох газруудаас уламжилж байна.

Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны 03 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас  НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусын тархалтын нөхцөл байдлаас  хамааран цаашид үргэлжлүүлэн  сунгагдах магадлалтай юм. 

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404