ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
2020/02/21

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг мэдээллээ хийлээ. 

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны  Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Баярын өдрүүдээр бид нэлээд эрсдэл ихтэй нөхцөлд байх учраас аль болохоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх.  Айл хэсэхгүй байх, гэр гэртээ байх нь бүхий л байгууллагуудаас өгч буй зөвлөмж шүү гэдгийг иргэд ойлгож, анхаараасай гэж хүсэж байна" хэмээлээ. 

Түүний дараа ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 21-ий өдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавируст халдварын 75777 тохиолдол бүртгэгдэж, 2129 хүн нас бараад байна. Хятад улс эмнэлзүйн шинж тэмдэгтэй биш зөвхөн лабораториар батлагдсан тохиолдлуудаа мэдээлж эхэлсэн. Хятадаас гадна 26 улсад 1098 тохиолдол бүртгэгдсэн. 8 нас баралт бүртгэгдээд байна. Шинээр Солонгос, Японд нас баралт бүртгэгдлээ. Хятад улсад шинэ тохиолдлын тоо багасч байгаа хэдий ч Франц, Хонгконг, Япон, Солонгос, Сингапур, Тайвань, Тайланд улс халдвар голомтлон гарч байна. 

Мөн Хятад улс руу яваагүй, батлагдсан тохиолдолтой хавьтал болоогүй хүнээс халдвар тарсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа.  Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ-д гарсан тохиолдлын тоо бараг 3 дахин нэмэгдсэн. Хоёрдугаар сарын 20-ны өдөр 53 тохиолдол нэмж бүртгэгдсэн бол 21-ий буюу өнөөдрийн 09:00 цагийн байдлаар дахин 52 хүн халдвар авлщсан байна. Нийтдээ 156 тохиолдол 4 хот, 6 мужид бүртгэгдээд байгаа.  Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 105 тохиолдлоос 17 нь эмнэлэгтэй, 88 нь сүмийн цуглаантай холбоотой гарсан. 80 хувь нь Дэгү хотод голомтлон тархаад байна. 

Хавьтлын судалгаагаар өвчин авсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Япон, Солонгос, Сингапурт голомтлон гарч байгаа тохиолдлоос харахад, хүн ам олноороо цуглах нь халдвар дамжих гол эрсдэлт хүчин зүйл болж байна" хэмээн мэдээллээ. 

Тэгвэл ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа "Коронавирусийн тархалт дэлхий дахинаа томоохон асуудлуудын нэг болоод байгаа. Энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд, гадаадын байгууллагууд сайхан сэтгэлийн хандиваа ЭМЯ-аар дамжуулан эмч, эмнэлгийн ажилчдад өгч байна. Хандивласан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг тухай бүр нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилаад, хүргэж өгч байгаа. 

Одоогоор ДЭМБ, "Жайка", НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын "Улаан загалмай" нийгэмлэг, Польш улдсад суугаад монгол иргэд, эмч нар, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, "Мөнхийн тун", "Мед стар эрдэнэ", "Нахиа импекс", "Монос" эмийн үйлдвэр, "Их уул трейд" гэх мэт байгууллага, хүмүүс эм, хувийн хамгаалах хэрэгсэл хандивласан" хэмээлээ. 

Харин ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат "Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаа сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлана. 21 аймаг, нийслэл хот руу орох, гарах бүхий л гарц, баталгаат бус замуудын тээвэрийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 51 цэгт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. 

Зам хаах шийдвэр гарсан үед иргэд батлагдаагүй хэсэг, уул, хадтай газраар явж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр Төрөөс гаргасан. Тиймээс золголт хийж, уул хаданд гарахгүй байхыг анхааруулъя" хэмээлээ. 

Монголчуудын хамгийн их зорчдог Азийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвар тархаж байна. Өчигдөр гэхэд Солонгосын Дэгү хотоос ирсэн оюутнуудыг ЭМЯ-аас тусгаарлах арга хэмжээг авсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ сарын 19-ний өдөр ХӨСҮТ болон Завханд тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй.  Өчигдөр орон Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 6 оюутныг ажиглалтад аваад байна. Солонгосын Дэгү хотод өвчлөл гарсан. Энэ хотод Монголын олон оюутан залуус суралцдаг юм байна. Эдгээр оюутнуудыг яагаад ажиглалтад авсан бэ гэхээр суралцдаг сургуульд нь коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгтдсэн. 

Тиймээс сургуулийнх нь захиргаанаас өвлийн амралтыг өгч, дуудсан үед ир гээд явуулсан юм байна. Ингээд оюутнууд армаад, эх орондоо ирсэн. Бид 6 оюутнаа ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Ямар ч эмнэлзүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй, халуураагүй. Тэднээс шинжилгээ авч, тандалт хийж байна" хэмээлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404