Их Британид хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна
2020/02/20

Англи, Уэльсийн үерт нэрвэгдсэн нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаагийн улмаас усны түвшин үерийн хамгаалалтыг давж болзошгүй байна гэж Их Британийн Цаг уурын газраас пүрэв гарагт мэдээлжээ. 

 

“Деннис” шуурга дээр дурдсан нутгуудыг энэ долоо хоногийн эхээр дайран өнгөрч, хүчтэй аадар бороо орсноос үүдэн 1400 орчин байшин барилга үерийн усанд автсан юм. Мөн Уай, Северн голын усны түвшин хамгийн дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор уг голуудын ойр орчимд амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Уэльс, Шотландын баруун нутгаар, Английн баруун хойд нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг Цаг уурын газраас лхагва гарагт анхааруулжээ. Уэльсийн баруун хойд нутагт 100 миллиметр хүртэлх хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгаа бөгөөд лхагва гарагт хэдийн 36 миллиметр хур тунадас унажээ.

 

Их Британи даяар 120 орчим үерийн анхааруулга хүргэснээс 6 нь ноцтой буюу хүний амь нас эрсдэж болзошгүй анхааруулга аж. Мөн хүчтэй аадар бороо орсноор хөрсний гулгалт үүсэх, үерийн гамшиг нүүрлэх эрсдэл улам нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотойгоор зарим галт тэрэгний хөдөлгөөнийг пүрэв гарагийн өглөө түр хугацаагаар хойшлуулжээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404