'Эрүүл шүд-Эрүүл хүүхэд' үндэсний хөтөлбөрийг баталлаа
2018/08/15

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 'Эрүүл шүд-Эрүүл хүүхэд' үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ талаар Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр 'Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалсан маш чухал үндэсний хөтөлбөр гэж Засгийн газар үзлээ. Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96 хувь шүд цоорох өвчтэй байна. Эдгээр хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдүүдийн эзлэх хувь хэмжээ 67.5 хувьтай байна.

Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөлтүүд улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Өнөөдөр нөхцөл байдал ийм ноцтой байгаа учир Засгийн газар 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлж 2-42 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил гол байр суурь эзэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаадаг байх, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчныг бүрдүүлж ажиллана. Мөн хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн боломжуудыг бүрдүүлэх дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 чухал ажил хийгдэнэ' гэлээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404