У.Хүрэлсүх 550 айлын орон сууцны асуудлыг шийдэж чадлаа
2020/02/12

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн есөн жилийн дараа ОХУ-ын Ерөнхий сайдын урилгаар айлчилж байгаа гэдгээрээ онцлог байсан юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийж, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрээс анхаарал татсан нэг яриа нь ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих эсэх асуудал байв.

Уг асуудалд хоёр улсын талаас судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлийнхээ үеэр онцолсон. Тэгвэл Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд хийсэн үзэглэсэн баримт бичгүүд түрүүчээсээ албажиж эхэллээ.

Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг оршин суугчдад нь шилжүүлж, өмчлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлэхээр болжээ. Уг шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьчлах бэлтгэлээ хангаж энэ оны хоёрдугаар улиралд Засгийн газарт танилцуулахаар болсон байна.

Өдгөө хуучнаар “Оросуудын байр” гэгддэг Баянгол дүүргийн II хорооллын XVII, Баянзүрх дүүргийн XV хорооны I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын XXII дугаар хорооллийн III, IV байрыг “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх тус тус 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна.

Тухайн иргэдийн хувьд байраа хувьчилж авах хүсэлтээ үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч нарт удаа дараа гаргаж байсан ч тоймтой шийдвэрт хүрээгүй байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр энэ асуудлыг хөндөж байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд тусыг олоогүй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа анх энэ асуудлыг тавьж байв. Дараа нь Ерөнхий сайд  С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын хүрээнд ярьсан ч үр дүнд хүрээгүй. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түрээслэгч иргэдийн зүгээс өргөдөл өгч байлаа. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгыг иргэдтэй уулзах үеэр энэ асуудал хөндөгдөж л байсан юм. Тэгэхэд Ерөнхийлөгчийн зүгээс “Ажлын хэсэг байгуулж, анхаарлаа хандуулна” хэмээн ам гарч байсан удаатай. Төрийн дээд төвшинд 20 гаруй жилийн турш дээрх наймаг орон сууцыг өмчлөх асуудлаар хандсан ч ОХУ-ын талаас албан ёсны шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүртэл луу унжсан хэрэг.

Гагцхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалаас сар гаруйн дараа 20 жил тушаатай явсан 550 айлын орон сууцны асуудалд цэг тавьж байна. Одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьчлах бэлтгэлээ хангаж, Засгийн газарт танилцуулснаар оршин суугчид орон сууцаа өмчилж авах боломж нээгдэх юм.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар эхэлж, Ерөнхий сайд С.Баяраар үргэлжилж, Ц.Элбэгдоржоор түүчээлж, Х.Баттулгыг амлалттай 550 айлын орон сууцны өмчлөлийн асуудал У.Хүрэлсүхийн үед бодит ажил хэрэг болжээ. Нэг үгээр тэдний хийж чадаагүй тэр хийсэн нь энэ байв.

 Эх сурвалж: 24tsag.mn

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404