Ерөнхийлөгч Х.Баттулга сарын шинийн баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа
2020/02/12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг өнөөдөр гаргалаа.  Зарлигт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг тусгажээ.

 

Ерөнхийлөгчийн зарлигт,

Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусний тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай.

1.1. Шинэ коронавирусний тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.

1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх.

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404