Нийслэлийн ЭХЭМНЭ-ийг ашиглалтад оруулахад хувийн хэвшлийнхэний дэмжлэгийг авна
2020/02/08

Хотын Захирагч С.Амарсайхан /2020.02.06/ нийслэлийн онцгой комиссын зарим гишүүнтэй коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, үүрэг даалгавар өгсөн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ  “Өчигдөр орой би томуу, томуу төст өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээр  очиж ажиллалаа. Эмнэлгийн эмч, албан хаагчид байгаа нөхцөл боломжиндоо тохируулж, хүн хүчээ хуваарилж ажиллаж байна.  Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 40 ортой хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэж эмчлүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй өрөө тасгийн асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл их байна. Бид бүхий л боломж бололцоогоо ашиглан эмнэлгийн барилгыг шинэчлэн өргөтгөх анхааран хэрэгтэй болоод байна. Тиймээс Хан-Уул дүүрэгт баригдаж  95 хувьд хүрээд байгаа нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд заавал Засгийн газарт хандаж, хөрөнгө мөнгө нэхэхээсээ илүүтэйгээр төрийн өмчит болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах саналтай байна. Би ирэх долоо хоногт Оюутолгой, Эрдэнэставантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж иргэдийн эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцах болно” хэмээлээ.  

Ямартай ч төрийн болон хувийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт, хандив дэмжлэгийн тусламжтайгаар  нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтан ашиглалтад оруулахаар ажиллах болно гэдгийг Хотын захирагч С.Амарсайхан хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404