Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ
2020/02/07

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг. Нийслэл хотын барилгажилт, нягтрал нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газруудаас ирүүлсэн саналыг үндэслэн нэмж 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт 2 байршилд 0.49 га, Баянзүрх дүүрэгт 10 байршилд 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршилд 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд 3.6 га, Хан-Уул дүүрэгт 9 байршилд 2.65 га, Чингэлтэй дүүрэгт 8 байршилд 92.2 га газрыг хамруулах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг дэмжлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404