НӨАТ-ын урамшууллыг энэ сарын 10-наас олгоно
2020/02/05

Нийт 912 мянган иргэний НӨАТ-ын буцаан олгох урамшууллын 142 тэрбум төгрөгийг даваа гараг буюу энэ сарын 10-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэв. 

 

Татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой цаашид НӨАТ-ын буцаан олгох урамшууллыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны хоёрдугаар улирлын буцаан олгох урамшууллын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөснийг тэрбээр мэдээлэлдээ дурдлаа. 

 

996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал, зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ.

 

 "Ebarimt" системийг ашиглан НӨАТ-ын буцаан олгох урамшууллаа авахгүйгээр автомашины татвар төлөх зэрэг төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн гэдгийг Сангийн сайд мэдээллийнхээ үеэр онцоллоо. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404