Хүүхэддээ цүнхээ зөв үүрч явахыг заагаарай
2018/08/13

Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой.

Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой.

Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.

Та хүүхдийнхээ цүнхийг авсан бол зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй.

  • Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх.
  • Хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах.
  • Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах
  • Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.
  • Таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх
  • Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх

Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд:

  • Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх
  • Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах
  • Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
  • Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах

Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох:

  • даалгаварыг нь олшруулж өгч байх
  • цахимаар даалгаварыг нь явуулах
  • сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх
  • Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах

Баримт мэдээлэл:

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Оросын хүүхдийн цүнхний стандарт:

АНГИ /ЦҮНХНИЙ АЧААНЫ ДУНДАЖ ХЭМЖЭЭ

  • 1-2-р анги -1.5 кг-аас илүүгүй
  • 3-4-р анги -2.0 кг-аас илүүгүй
  • 5-6-р анги -2.5 кг-аас илүүгүй
  • 7-8-р анги -3.5 кг-аас илүүгүй
  • 9-11-р анги-4.0 кг-аас илүүгүй

Угандад (2014 он) хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19% нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байлаа (locker).

Шинэ Зеланд улсын (2010) хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1% нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс: 44.3% нь хүзүү, 43.6% нь мөр, 36.4% нь нуруу, 35.0% нь аарцаг нуруунд тус тус өвддөг болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404