Хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсож, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө
2020/02/01

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигрийн (2020.01.31) хуралдаанаар “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх товч мэдээллийг сонссон. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболдын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.  

Монгол Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай ажиллаж, холбогдох шийдвэрүүдийг гарган арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг сайд нар хэлж байв. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комиссын хуралд 2020 оны 01-р сарын 24-ний өдөр мэдээлэл хийж, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 3 сарын 02-ны өдрийг хүртэл тусгаарлан, олон нийтийг хамарсан урлаг спортын нэгдсэн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Энэ хүрээнд багш нарыг байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, суралцагчидтайгаа холбогдох чиглэлийг өгсөн бөгөөд тэдгээрийн цалин, урамшуулал, нэмэгдлийг ажилласанаар тооцож өгөх шийдвэр гаргасан юм байна. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс гадна иргэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хараа хяналтгүй  орхин ахуйн осолд өртүүлэхээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг Ё.Баатарбилэг сайд сануулж байв. Хорио цээр тогтоосон хугацаанд багш нар сургалтын бэлтгэлээ сайтар базааж ажиллах шаардлагатай. Учир нь 2019-2020 оны хичээлийн жилийн III улиралд эхний таван долоо хоног бямба гарагт нэмэлтээр хичээллэж, тус улирлын амралтыг богинсгон 7 хоног болгосноор ачаалал харьцангуй нэмэгдэж байгааг анхааруулж байв. Монгол Улс дахь шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүссэн гишүүдийн тодруулгад Эрүүл мэндийн сайд хариулахдаа, “Энэ төрлийн халдвар нь дэлхий нийтийн хувьд шинэ төрлийнх гэдгийг онцолж хэлье. Засгийн газар, салбарын яамны зүгээс шуурхай ажиллаж Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажилласны үр дүнд 1000 ширхэг оношлуурыг хүлээн авсан. Энэ хугацаанд сэжигтэй 58 тохиолдлыг шинжилсэн. Албан ёсоор хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн тохиолдолд мэдээллийг нуух шаардлагагүй, боломж ч байхгүй. Шинэ коронавирусийн халдвар илэрчихээд байхад нуух юм бол улс орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно” гэдгийг мэдэгдэв. Мөн энэ үеэр тэрбээр ДЭМБ-ын НДББ-ээс 3000 ширхэг оношлуурыг ойрын хугацаанд Монгол Улсад ирүүлэхээр болсныг дуулгалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү Япон Улс дахь ижил төрлийн байгууллагуудтайгаа албан шугмаар холбогдож дахин 1000 ширхэг оношлуур авахаар тохиролцсон учраас оношилгооны тал дээр бэлтгэл хангагдсан гэж үзэж болно гэв. Гэсэн ч эрсдлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарынхан бүрэн бэлтгэл хангаж, нягт нямбай ажиллаж байгаа гэв.

Энэ үеэр гишүүд амьсгалын замын цочмог халдвар томуу томуу төст өвчний халдвар, тархалт, тоон мэдээллийг тодруулж, хариулт авсан. Улаанбаатар хот бол суурин газруудын агаар, орчны бохирдол нь амьсгалын замын цочмог халдвар томуу томуу төст өвчний халдвар даамжрах нэг шалтгаан болж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Тиймээс цаашид уушгины чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлага бий гэдгийг Д.Сарангэрэл сайд дуулгасан. Дотоодын хүнсний нөөцийн талаар, холбогдох талуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулаад, хомсдол үүсэхгүй гэдгийг тайлбарласан. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээрх арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж ажиллаж байна. Хилийн хорио тогтоож, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв, санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зэргээр холбогдох бүр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ бол монголчууд төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй том сорилт. Энэ сорилтыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн эв санааны нэгдэлтэйгээр даван туулна. Ийм учраас олон улсын жишгийг харгалзан Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох бүхий л байгууллагууд Улсын Их Хурлын гишүүдийн сая хэлсэн саналуудыг анхаарч, харгалзан үзэж ажиллах шаардлагатай. Нэн тэргүүнд шуурхай дуудлага хүлээн авч, нэг шугмаар иргэдэд мэдээлэл өгөх, дуудлага бүрийг хянах төвийг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Амны хаалт, ариутгалын бодисны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат шатандаа авч, хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Өндөр зохион байгуулалттайгаар эрсдлийг даван туулна. Олон улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ-аас дэгдэлт хаврын улиралд нэмэгдэх магадлалтай гэснийг харгалзан эрсдэл урд байгаа хэмээн тооцон сонор сэрэмжээ нэмэгдүүлж, зохион байгуулалтаа өндөржүүлэх нь зүйтэй” гэлээ. 

Ийнхүү “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсов.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж, сонсгов. Тухайлбал, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссон. Мөн дагалдан батлагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссон юм. 


  Үүгээр Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. Тэрбээр 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байгааг тэмдэглэв. Энэ чуулган бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болох, шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажилласан байна. Тодруулбал, 2019 оны 03 дугаар сараас хойш чуулган 11 сар завсарлагагүй, тасралтгүй хуралджээ. Монгол Улсын парламентын түүхэнд ийнхүү үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй гэдгийг Г.Занданшатар дарга онцоллоо. 2019 оны намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна. Тоон үзүүлэлтийн хувьд ч төдийгүй, чанар агуулгын хувьд Улсын Их Хурал түүхэн гэж хэлж болох ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталжээ. Үүн дотроо Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй. Төрөө төвшитгөж, улсаа цэгцэлж, засаглалаа засах, эрүүл шударга, хөгжингүй нийгмийн ирээдүйг тодорхойлох чин зорилготой энэхүү түүхэн өөрчлөлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, Монголынхоо нийт иргэдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дахин талархал илэрхийлсэн юм. 

Үргэлжлүүлэн тэрбээр ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй танилцуулж, 2020 оны хаврын ээлжит чуулганы ач холбогдлын талаар онцоллоо. 


Дэлхий нийтийг түгшээсэн титэмт вирусийн халдварын аюул заналхийлсэн онцгой цаг үед урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах, улсын эдийн засаг, ард олны ахуй, хэрэглээнд доголдол гацаа үүсгэхгүй байлгах талаар Улсын Их Хурлын гишүүд ч үүрэг хариуцлага хүлээж, шаардлагатай тохиолдолд зөв, оновчтой шийдвэр гаргахад бэлэн байх учиртайг тэрбээр хэлсэн. Мөн иргэддээ хандан гэр бүл, орчин тойрноо хайрлан хамгаалж, журам дүрэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, санамжийг сайтар биелүүлэн, элдэв хоосон таамаг, цуу ярианд авталгүй, бат цул нэгдэлтэй байхыг уриалсан юм. Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хэдхэн хоногийн дараа XVII жарны  шороон гахай жил  шувтарч, хулгана жил эхлэх гэж байна. Хувьтай хүний үздэг эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жилд өнө мөнхийн эх орон минь дэлгэрэн дэвжихийн өлзийт ерөөл бэлгэдье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404