Б.Жаргалсайхан: Н.Номтойбаяр Гэм буруутай эсэхийг ганцхан шүүх л тодорхойлно
2020/01/28

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д өргөн барьсан. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хуралдаж, түдгэлзүүлэхийг дэмжсэн. Тэгвэл Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Харин Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэвлэлийнхэнд зарим тайлбарыг өгсөн юм. 

-Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан шалтгаан нь юу вэ?

-Мөрдөн байцаалтын нууц задруулсан. Задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахаас сэргийлэх үүднээс түдгэлзүүлэх асуудлыг ярьж байна. Хувь хүн өмгөөлөгчөөр дамжуулж өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй. Мөн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Нотлох баримтуудаа мөрдөх байгууллагуудад гаргаж өгч, тэр дагуу шалгана.  Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутай эсэхийг ганцхан шүүх л тодорхойлдог. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаатгах нотлох баримт л цуглаж байна шүү дээ. 

Ганцхан яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй.  Тухайн хүн өөрөө цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Энэ үйл ажиллагааг л явуулж байна. 

-Хэрвээ түдгэлзүүлэхгүй бол мөрдөх ажиллагаанд ямар саад учрах вэ?

-Тодорхой задалсан нотлох баримтууд үгүйсгэгдэх. Зарим нэгэн шалгах ажиллагаанууд устаж үгүй болгох талтай. Тийм учраас дахин нотлох баримт задлаад байхаас сэргийлэхээр ажиллаж байна.  Бид хуулийн хүрээнд л ажиллагаа явуулна. 

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Хэвлэл мэдээллийн байгууллагад эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж байх ёстой. Та бүхний ил болгосон олон асуудлаас үүдэлтэйгээр нийгэм бас эрүүлжиж байгаа. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хязгаар аль хүртэл байх вэ. Хуулийн байгууллагын ямар хязгаарт очиж зогсох вэ гэдгийг тодорхойлох ёстой.  Тодорхойлохын тулд харилцан мэдээлэл солилцах хэрэгтэй. Хууль зүйн тодорхой мэдлэгийг ч та бүхэнд олгох хэрэгтэй байгаа. Надад тодорхой мэдээллийг өгч болохгүй шалтгаан байдаг. 

Зарим хууль тогтоогч ярьдаг. Хуулийн байгууллага асуудлаа ил ярихгүй, яагаад дандаа нууц гэдэг юм гэж. Хууль өөрчлөгдөөд, үйлчлэл нь өөр болсон. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд тайлбар хийж болохгүй. Тэр хүн яллагдагчаар татагдсан, үгүй гэж хэлж болохгүй. Тэр хүн үндэслэлтэйгээр яллагдагчаар татагдсан уу гэдгийг мэдэхгүй учраас тийм үндэслэлээр татагдсан, татагдаагүй гэж хэлж болохгүй.  Тэгээд ч Ерөнхий прокурор нь Төрийн ордныхоо нэг буланд суучихаад хэрэг яриад байх нь зохимжгүй.  

-Хэрвээ чуулганаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэл түүнийг шалгах ажил зосгох уу?

-Үгүй, үргэжлээд л явна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404