Б.ГАНХӨЛӨГ: Бид нар болсон явдлыг гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа
2020/01/22

Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцож байна.

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ “Аав минь нас барснаас хойш найман сарын хугацаа өнгөрлөө. Бид маш тэвчээртэй ажиглалаа. Бидний хувьд хүнд өдрүүд өнгөрч байна. Эмээ, өвөө, ээжийн маань сэтгэл санаа хүнд байгаа. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд, маш хэцүү байна. 2019.05.17-ны өдөр бидний хувьд хар толбо үлдээсэн өдөр байсан. Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр нь Төрийн ордонд Ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн ордонд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явсан хүн ордноос буцаж гарч ирээгүй. Бид нар болсон явдлыг гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Яах аргагүй гаднын нөлөөтэй.

Өндрөөс унасан л гэж байгаа. Гэтэл аавын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Унаагүй талын баруун нүд тэр хэсэгтээ нэлээд том хавдартай болсон байсан. Хүзүүн дээр гарсан улайлтыг заамдалтын улмаас улайсан гэж бодож байна.

Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Бид цаашид яаж амьдрах вэ. Төр, нийгмийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүнээр гурван удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан төрийн хүн Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалт дунд амь насаа алдлаа. Ийм хэрэг болчихоод найман сарын хугацаа өнгөрсөн байхад ямар ч шийдэл гарсангүй. Жирийн иргэнд ийм зүйл тохиолдвол яах бол гэдгийг би төсөөлөхгүй байна.

Бидний хувьд өнгөрсөн найман сар маш хүнд байлаа. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань юм ч ярихаа больсон.

Монгол Улс төртэй гэдэгт итгэж байна. Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэсэн итгэл алдраагүй хүлээж байгаа” хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404