НЯМСҮРЭН: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР-УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
2020/01/21

Улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахын тулд түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар бол эрчим хүчний салбар гэдгийг өнөөдрийн өндөр хөгжилтэй болон эрчимтэй хөгжиж байгаа улс гүрнүүдийн хөгжлийн түүх нотлон харуулсаар байна.
Үүнийг манай төр засаг анхааралдаа авч 2018 оны Засгийн газрын 325-р тогтоолоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг батлан тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тавьсаныг анхааран үзэхэд уламжлалт хатуу түлш (нүүрс)-ний буюу Дулааны Цахилгаан Станцуудаа өргөтгөх, шинээр байгуулахад илүү их анхаарч сэргээгдэх эрчим хүч, түүний дотор хамгийн их үр ашигтай Усан Цахилгаан Станцын тал дээр томоохон бодлого зорилт дутагдалтай байгаа юм уу гэсэн ойлголт авахаар байгаа тул зарим санал бодлоо үүгээр илэрхийлж байгаа юм.
Манай улсын хувьд цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл 2018 онд 6,6 тэрбум кВт.цаг болж, ОХУ болон БНХАУ-аас 1,7 тэрбум кВт.цаг эрчим хүч худалдан авч нийтдээ 8,3 тэрбум кВт.цаг хэрэглэж байгаа бөгөөд 2019 онд 9 тэрбум кВт.цагийн үйлдвэрлэл хэрэглээтэй болохоор харагдаж байна. Энэхүү эрчим хүчний үйлдвэрлэлийн 81,7 хувь нь Дулааны Цахилгаан Станцууд 18,1 хувь нь Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 0,2 хувь нь дизель станцууд ажээ.
Энэ үзүүлэлт нь эрчим хүчний дэлхийн үйлдвэрлэлийн чиг хандлагаас нэн хоцрогдсон, дэлхийн дулаарал, агаар мандал, хүлэмжийн хийтэй холбогдсон НҮБ болон Парисийн хэлэлцээрээр тавьж буй шаардлагатай зөрчилдсөн үзүүлэлт болж байна.
Өнөөдөр дэлхий даяар хатуу түлш (нүүрс)-ний Дулааны Цахилгаан Станцуудаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүч буюу ус, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөтгөн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ хангах ажлыг эрчимтэй хийж байна. Энд сэргээгдэх эрчим хүчний нарны, салхины, усны гэсэн 3 хувилбар байгаагийн дотор хамгийн найдвартай тохируулга хийх боломжтой томоохон хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэдгээр нь Усан Цахилгаан Станцад илүү их анхаарал тавьж байна. Дэлхийн улс гүрнүүдийн усны эрчим хүч үйлдвэрлэл, ашиглалтын газрын зургийг харахад дэлхий бүхлээрээ цэнхэртэж байхад Монгол маань ганцаараа “цагаан” цоорхой болон үлджээ.
Үүнд зарим жишээг дурьдах нь зүйтэй биз. Маш бага газар нутагтай Норвеги улс нийт эрчим хүчнийхээ 99 хувь, Австри улс 80 хувийг усаар үйлдвэрлэдэг, манай нэг аймгийн дайны газар нутагтай Швейцарь 1000 гаруй, арлын Япон улс 3000 гаруй Усан Цахилгаан Станцтай. Европын 12 улсыг дамнан урсдаг Дунай мөрөн дээр хэд хэдэн улс өөрийн нутаг дэвсгэр дээр Усан Цахилгаан Станц барьсаны дотор Словак улс томоохон станц барьсан нь тус улсын эрчимтэй хөгжлийн түлхүүр нь болсон байх жишээтэй.
Манай урд хөрш БНХАУ дэлхийн хамгийн том “Гурван голын хавцал” хэмээх 22,500 мВт хүчин чадалтай Усан Цахилгаан Станц барьсан бөгөөд ингэхдээ 2 сая айл өрхийн 7 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Улс гүрнүүд энэ ажилд ийм өндөр ач холбогдол өгч үр шимийг хүртэж байна.
Манай хойд хөрш ОХУ манайхтай яг адил цаг уурын нөхцөлд Ангар, Енисей мөрөн дээр хэд хэдэн томоохон Усан Цахилгаан Станцуудыг барьсаны дээр бүүр -60 градус хүртэл хүйтэрдэг Якут нутагт барьсан Усан Цахилгаан Станц нь өнөөдөр 60 шахам жил техникийн сааталгүй эдийн засгийн үр ашигтайгаар ажилласаар байгаа юм.
Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Дөргөн, Тайширын бага оврын Усан Цахилгаан Станцуудыг ашиглалтанд оруулж нар салхины станцуудыг барьж байгуулахад хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т тусгасан 2020 онд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20 хувьд хүргэх зорилтоо ханган биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь сайн хэрэг боловч өмнө дурьдагдсан дэлхийн чиг хандлага улс гүрнүүдийн жишигтэй зүйрлэхэд хангалтгүй үзүүлэлт болж байна. Бидэнд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах байгалийн болон бусад өгөгдөхүүн байгааг ашиглаж Сэргээгдэх эрчим хүч, түүний дотор Усан цахилгаан станцын үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлага тулгарлаа.
Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар манай орны эрчим хүчинд ашиглах боломжтой усны нийт нөөц 34,6 км3 усны бүрэн солигдох нөхөгдөх хугацаа 20 хоног бөгөөд үүний 60 гаруй хувь нь ямарч ашиглалтгүйгээр хилийн чанад руу урсан гардаг. Монголд гол мөрний усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөц 56 тэрбум кВт.цаг байдгаас Дөргөний усан цахилгаан станц 12 мВт, Тайширын усан цахилгаан станц 11 мВт хүчин чадалтайгаар баригдаж жилдээ 80 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь боломжит нөөцийнхөө дөнгөж 0,016 хувийг ашиглаж байна гэсэн үг.
Гол мөрний усны бүрдэцийг хөрсний ус, цасны ба хур борооны ус гэж ангилдаг бөгөөд манай гол мөрний усны 70 шахам хувь нь цасны ба хур борооны ус эзэлдэг. Үүнийг бид далан барьж усан сан байгуулах замаар тогтоон говь, хээр талын болон уул уурхай, хот тосгодын усан хангамжинд ашиглах, улмаар усны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах шаардлагатай.
Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт жилдээ 10 тэрбум м3, Онон гол Амур мөрөнд 1,8 тэрбум м3, Хэрлэн гол далай нуурт 650 сая м3 усыг тус тус юүлж байна. Хэрэв Монгол маань НҮБ-д бүртгэлтэй туурга тусгаар улс юм бол Оросын зарим Байгаль нуурыг хамгаалагчид болон “Би” Хэрлэнгийн, Орхоны, Туулын, Ононгийн хүүхэд гол усаа хамгаалж байна гэж “попрон өмгөөлөгчид”-ийн үгийг эс тоон төрийн бодлогоор томоохон усан сангуудыг байгуулан улсын хэмжээний усан хангамжийг сайжруулах, усны эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх цаг нь болсон.
Монголын төр засаг Эгийн гол, Шүрэнгийн зэрэг томоохон усан цахилгаан станц байгуулах бодлогоосоо үл ухрахын зэрэгцээ Эрдэнэбүрэн, Ерөө зэрэг тодорхой судлагдсан усан цахилгаан станцуудыг бодлогоор дэмжин, боломжтой гэж судлагдсан усан цахилгаан станцын 30 гаруй байрлалуудыг дахин нарийвчлан судлаж гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын хувийн хэвшлийнхэнд санал болгон хамтран ажиллах нь зөв.
Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээрхи Шүрэнгийн томоохон усан цахилгаан станцуудыг барих асуудалд Байгаль нуурын эко системийг хамгаалах нэрийн дор ОХУ-ын зарим эрдэмтэн судлаачид янз бүрийн юм ярьдаг бололтой. Гэвч бас өөрөөр сэтгэдэг оюунлаг хүмүүс тэнд бий. Саяхан манай нэг сайт дээр оросын нэр нөлөө бүхий эрдэмтэн “Байгаль нуурын ус бохирдож байгаа талаар дурьдаад, шалтгааныг нь нуурын усны үндсэн ханган нийлүүлэгч Сэлэнгэ мөрний 7-10 жилийн давтамжтай болдог томоохон үерээр тус мөрний голын сав дагуух оросын өөрийнх нь тосгон суурингууд, Улаан-Үд хот усанд автаж тэдгээрийн бүх задгай жорлон, бохирын цооногуудыг “цэвэрлэн” урасган авчирч Байгаль нуурт юүлдэгт оршино. Энэ үерийг тогтоон барихад Сэлэнгэ мөрөн дээр томоохон усан сан хаалт, улмаар усан цахилгаан станц Монголчууд барих нь зөв. Энэ нь Байгаль нуурын эко системд сөргөөр биш сайнаар нөлөөлнө. Хөрш маань бүх талаар биеэ даадаг, бүр чинээлэг байвал бидэнд л сайн шүү дээ” гэжээ.
Ер нь Байгаль нуурыг хамгаалдаг эрдэмтэд усны урсацыг үл сааруулан өнөөгийн техник технологийн түвшинд барих усан цахилгаан станцын төслөө сайтар танилцуулж ажлаа үргэлжлүүлэх нь зөв биз.
Бүрэн эрхэт тусгаар тогносон улсын хувьд өөрийнхөө нутаг дээр юу хийж бүтээх нь бидний эрх, олон улсын эрх зүй ч ийм байгаа. Үүнээс гадна баруун аймгуудын болон Орхон, Сэлэнгэд цутгадаг усан багтаамж ихтэй гол усуудыг ашиглан бага дунд оврын усан цахилгаан станцуудыг барьж байгуулах ажлыг шуурхайлмаар байна.
Манай төр засаг өнөөдөр дотоодынхоо эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэж чадаагүй ч олон улсын банк санхүүгийн байгууллага, бүс нутгийн орнуудтай хамтран Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ, Азийн супер сүлжээ зэрэг санаачлага гарган түүнд нэгдэн орох талаар ажиллаж байгаа нь сайн хэрэг. Зорилт том тусмаа их бага хэмжээгээр хэрэгжсэн тохиолдолд үр ашиг нь өндөр байдаг.
Энэхүү томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээж хэрэг уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүдээ сэргээн засварлах өргөтгөх ажлыг хийхийн зэрэгцээ Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ашиглалтыг өргөтгөх, түүний дотроос усны эрчим хүчний үйлдвэрлэлд илүү анхаарах шаардлагатайг би нуршин өгүүлж байна. Яагаад гэвэл нар салхины станцуудын эдэлгээний хугацаа 25-30 жил олон хоногийн бүрхэг өдрүүд, салхи тогтуун байх хоногуудад үйлдвэрлэл нь саардаг бөгөөд тохируулгын боломж сул зэрэг дутагдлуудтай бол усан цахилгаан станц нь 100-аас дээш жилийн эдэлгээний хугацаатай усны хаалтуудыг нээх хаах, турба генератруудыг нь сэлгэх, хасах, нэмэх замаар тохируулга хийж болдог олон давуу талтай.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай гадаад тоног төхөөрөмж, материалуудыг хил гаалиар оруулахад татварын хөнгөлөлт үзүүлэх, түүний үйлдвэрлэсэн эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ тарифыг зохистой буюу олон улсын жишиг үнээр тогтоох, хөрөнгө оруулагчдаас онц шаардлагагүй барьцаа хөрөнгө байршлуулахыг шаардахгүй байх зэрэг асуудлуудад анхааран үзэх нь зүйд нийцнэ.
2015 оны нэмэлт өөрчлөлтөд оруулсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн хүрээнд өмнө нь баригдсан нар, салхины станцуудын сүлжээнд нийлүүлэх үнийг 10-18 ам.цент кВт.цагаар тогтоосон хир нь одоо баригдах усан цахилгаан станцын төсөлд 8 ам.цент кВт.цаг байх үнийг санал болгож байгаа нь дэндүү шудрага биш юм. Нар салхины станцуудын хувьд бэлэн деталуудыг авчираад хэдхэн сарын дотор угсардаг бол усан цахилгаан станцын хувьд далан, усан сан байгуулахтай холбоотойгоор ус болон хөрсний гүнд нүсэр их цутгалт байгууламжийн ажил хийж бага оврын (10мВт) станц байгуулахад 2-4 жил шаардагдана. Зарим хөрөнгө оруулагчдын хийсэн тооцоогоор сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний үнэ 10-12 ам.цент кВт.цаг байхад боломжтой, ийм үед хөрөнгө оруулалтын зардлаа боломжит хугацаанд нөхөж аль аль талдаа ашигтай ажиллана гэж үзэж байна.
Монгол улс Усны аж ахуйн яам болон усны ажил эрхлэсэн бие даасан агентлагтай байсан түүх бий. Өнөөдөр дэлхий даяар дулаарал улмаар хуурайшилт явагдаж, усны хомсдол нэмэгдэж байгаагийн дээр төв азийн өндөрлөг Монгол улсад илүү хурдтайгаар нөлөөлж байгаа тухай судалгааны дүн гарчээ. Иймд бид одооноос газрын гүний болон гадаргын бүх төрлийн ус, худаг, булаг шанд, горхи, гол мөрөн, нуур цөөрмийнхөө усыг аривлан гамнах, түүний түвшин, урсацын хэмжээнд тогтмол хяналт тавих, бохирдолоос хамгаалах судалгаа, дүгнэлт хийх ажил орхигдоод байгааг анхаарвал зохино.
Манай улсад өнөөдөр бэлчээрийн ус, худаг, горхи, булаг шанд ХХААХҮЯ-нд хот суурингийн усан хангамжийг тухайн хот суурингийн захиргаанд рашаан ус ЭМЯ, БОАЖЯ-нд харъяалагдаж томоохон гол мөрөн, аялал жуулчлалд үл хамаарах, нуур цөөрмүүд үндсэндээ харъяалалгүй шахуу байгаа нь зохимжгүй хэлбэр бөгөөд үүнийг нэгтгэн усны бодлогыг зангидан барих төрийн төв байгуулагатай болох хэрэгтэй юм.
Улс орны хөгжил, нийгэм-эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ажлыг манай ард түмнээс сонгогдсон улс төрчид хэмээх хүмүүс зонхилон хийж байгаа ч зарим ажил тухайлбал эрчим хүч, аж үйлдвэржилт зэрэг салбарыг тухайн мэрэгжлийн бүр сайн технократууд удирддаг хөгжсөн гүрнүүдийн туршлага байгааг баримтлах нь зөв. Харин одоогийн Эрчим хүчний сайд маань дээрхи шаардлагыг хангасан хүн байна билээ. Дотор нь эрчим хүчний үндсэн хэмжигдэхүүнүүд болох ватт, вольт, ампер калори, герци зэрэг нэгж хэмжээсүүдийн ялгааг мэддэггүй хүн ч бас байна. Энэ бол хэн нэг “би чадна” гэсэн хүнийг томилож болдоггүйг улс төрөөс илүү мэрэгжил шаардсан ажил гэдгийг бид анхаарах ёстой.
Монгол орны тогтвортой хөгжлийн тулгуур болох хоногоос хоногт үнэд орж, хомсдосоор байгаа хожим нь алтаар үнэлэгдэх чандмань эрдэнэ усаа эх орондоо тогтоон барьж бүрэн зөв ашиглацгаая.
Бид цаашдаа шинжлэх ухааны хөгжил дэвшлийн явцад улам боловсронгуй болж байгаа атомын эрчим хүч болон бусад шинэ эх үүсвэрүүдийг ашиглахаас ч татгалзах ёсгүй. Хуучинтайгаа зууралдсан хүн, улс гүрэн хөгжил дэвшлээс хоцрогдон орхигддог жамтай. Энэ бүхэн бол манай улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарлын төвд байж тодорхой шийдэл гаргахыг хүлээж байгаа томоохон асуудлуудын нэг юм.

УИХ-н гишүүн асан Түнхэл овогт Р.Нямсүрэн
2020 оны 01 сарын 16

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404