Д. Тогтохсүрэн: Тоглоогүй ээ. Бичлэг энэ тэр гарвал гарна л биз
2020/01/21

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэн нарын гишүүд казинод тоглосон тухай зурагтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчид мэдээлэл хийлээ.

-Та айлчлалын үеэр казинод тоглосон зураг олон нийтэд ил болсон. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-УИХ-аар Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс үүнийг сонирхож, казиногийн талаар ойлголттой болох гэж бид дөрөв орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. Мэдээж, УИХ-ын гишүүн сөрөг хүчний гишүүн, УИХ-ын ахмад гишүүн, Элчин сайдтай хамтдаа казино тоглоогүй.

-Тоглосон бичлэг чинь гараад ирэх юм биш биз?

-Тоглоогүй ээ. Бичлэг энэ тэр гарвал гарна л биз.

-Хэдэн цагт ороод хэдэн цагт гарсан бэ?

-Тэр чинь жаахан орой байсан. 22.00 өнгөрч байсан болов уу. Удалгүй гарсан.

-Та бооцоо тавьсан уу?

-Бид казино сонирхож орсон, судлаагүй. Судлаагүй шүү. Үзэж сонирхсон. Бооцоо тавиагүй.

-Тэр зураг гараагүй бол Та казиног сонирхсон тухайгаа хэлэх байсан уу?

- Хэрвээ та нарыг ийм мэдээлэл байна гээд асуувал “Би орсоон, сонирхсон гэдгээ л хэлнэ”. Түүнээс биш судлах гээд том юм хийх гээд бид нар ороогүй ш дээ.

-Элчин сайдын цэнхэр паспортоор ингэж явах нь зөв үү?

-Сиднейн казинод нь паспорт шалгадаггүй юм билээ. Энэ Элчин сайдын тайлбар шүү.

-Та тайван бус, нэлээд сандралтай байна уу?

-Тайван бус гэж юу байх юм бэ.Сандрал бухимдал надад огт байхгүй.

-Төрийн албаны хуулиар н.Чулуунхүү гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрээд байна. Энэ тал дээр?

-Ийм байна. Үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэх бол хүлээхэд бэлэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404