Бяцхан үрстээ заавал зааж өгөх аюулгүйн зөвлөмж
2018/08/08

БЯЦХАН ҮРСТЭЭ ДАРААХ ЗААВАР ЗӨВЛӨМЖИЙГ САЙТАР ТОГТООЛГОЖ АЛИВАА ЭРСДЭЛ АЮУЛААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

• 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД 

1. Амьдарч буй хот, улс болон гадаад ертөнцийн тухай ном уншиж өгөх.

2. Ганцаараа зам гарч болохгүй, мөн зам дээр тоглож болохгүйг ойлгуулах.Гарцаар зам хөндлөн гарахыг тайлбарлаж, хамтдаа хийж үзэх.

3. Шаардлагатай үед 101 (Гал түймэртэй тэмцэх газар), 102 (Цагдаагийн ерөнхий газар), 103 (Түргэн тусламж), 105 (Нийслэлийн онцгой байдлын газар), 108 (Хүүхдийн тусламжийн утас) залгах чадвар суулгах. Учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх.

4. Аав, ээж, ах, эгчийнхээ утасны дугаарыг цээжлүүлэх. Ингэхийн тулд дуу ашиглан цээжлүүлэх нь үр дүнтэй.

5.Амьдардаг байр, орц, гэрийн тоот, хороо, дүүргээ мэддэг болгох.

6. Хүүхдээ айлгахгүйгээр танихгүй хүнтэй харьцахгүй байхыг зааж өгөх.

7. Цагдаа, эмч нар ямар үүрэгтэй тухай энгийнээр тайлбарлаж өгөх. Гэрийн ойролцоох цагдаа, эмнэлэг рүү энгийн үед хүүхэдтэйгээ хамт зочлох.

8. Аав, ээжийнхээ зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнтэй ярих, тэднээс ямар нэг зүйл авах, тэдэнд ямар нэг зүйл өгөхгүй байхыг анхааруулах.

9. Олон нийтийн газар явахын урд “Хэрвээ чи ингэвэл яах вэ?” гэж хүүхэдтэйгээ ярилцах. Хэрвээ чи нэг харахад ээж, аав чинь эргэн тойронд чинь харагдахгүй бол яах вэ? гэж эхлээд хүүхдээсээ асуу. Дараа нь аргыг нь зөөж өг.

10. Тоглоомын талбайд тоглож эхлэхээс өмнө найзуудтайгаа тухайн газар ямар нэг эрсдэлтэй зүйл байна уу, хугарч эвдэрсэн тоглоом, эсвэл шилний хагархай, санамсаргүй бэртэж гэмтээх зүйл байгаа эсэхийг шалгадаг болгож сургах.

11. Хүнийг дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ гадаа тоглож байхдаа дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг хамт дүрслээрэй. Өндөр, бор нүдтэй, цэнхэр өмдтэй, сахалтай гэх зэрэг.

12. Орчноо дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ хамт явсан газрынхаа тухай гэртээ очоод юу юуг онцгойлон санаж байгааг нэрлүүлэх.

13. Хүүхдийнхээ цүнхэнд эсвэл гадуур хувцасны халаасанд жижиг хавчуурганд эцэг эхийн зураг, болвол нэрийн хуудас, утасны дугаараа доогуур нь тодруулсан байдлаар жижиг захидал бичих. Хэрвээ хүүхэд төөрсөн тохиолдолд хүүхдийн хувцаснаас олоод залгах тухай хүүхэддээ хэлж өгөх.

• 6-10 НАСНЫ ХҮҮХДЭД 

1. Тоглох, зугаалахдаа дандаа найзуудтайгаа хамт байхын чухлыг сануулах.

2. Хүүхэддээ ойрын хамаатан, хөрш, гэр бүлийн найзуудынхаа утасны дугаарыг цээжлүүлэх.Аав ээжийнхээ утасны дугаар, ажлын газрыг мэддэг болгох.

3. Хүүхэдтэйгээ хамт аюулгүй байдлын тухай бичлэг үзэх. Тэндээс юу ойлгосон тухай нь ярилцах.

4. Ногоон гэрэл, цагаан шугамаас эхлээд наад захын замын тэмдэг, тэмдэглэгээг нүдлүүлэх, ямар учиртайг нь ойлгуулах.

5. Том хүний зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүйг сануулах. Зүс таних хүн байсан ч заавал хэн нэгнээс асууж байж хаалгаа нээх хэрэгтэйг хэлэх.

6. Хүүхдээ дагуулж гэрийнхээ эргэн тойрны газруудаар алхах. Гэрээ олох содон тэмдэгүүдийг нүдлүүлэх.

7. Хэрэв гэр бүлийнхэн, найзууд нь гэмтвэл яах ёстой вэ гэдгийг зааж өгөх. Түргэн тусламж дуудах, таньдаг хүмүүс рүү залгах, анхны тусламжийн хэрэгсэл авчирч өгөх гэх мэт.

8. Мөнгө тоолж сургах. Гэртээ байхдаа жинхэнэ мөнгөөр юм худалдаж авч байна гэж тоглох. Дэлгүүрээс хамтдаа худалдаа хийж үзэх

9. Хүүхэдтэйгээ хамт нийтийн тээврээр зорчих. Автобусны буудал дээр хийж болохгүй үйлдлүүдийг зааж өгөх.

10. Хүүхэдтэйгээ музей үзэх. Тэгэхдээ хүүхдээрээ хөтөч хийлгэх. Түүх ярьж өгөх, хаана ямар улсын иргэн гэдгийг мэдүүлэх

11. Гэрийн ойролцоох замуудын учрыг тайлбарлаж, хаана хаана явган хүний гарц байдгийг зааж өгөх.

12. Зөвхөн ээж нь аав нь мэдэх нууц үгтэй болох. Танихгүй хүн аав ээж нь аваад ир гэсэн гэх тохиолдолд нууц үгээ асууж буруу бол хэрхэн өөрийгөө хамгаалах тухай хэлж өгөх.

• 11-14 НАСНЫ ХҮҮХДЭД 

1. Гэр доторх цахилгаан хэрэгслүүдийн бүх заавар, тохиргоог зааж өгөх.

2. Машин доторх бүх үйлдлүүдийг зааж өгөх.

3. Хүүхэддээ цахим орчинд яаж аюулгүй байдлаа хамгаалах тухай зааж өгөх.

4. Танихгүй хүнээс ирсэн зурваст хариу өгөхгүй байх.

5. Хүүхэддээ гар утас эзэмших чадварыг зааж өгөх. Өөрийн имэйл хаяг, фэйсбүүкийг өгөх.

6. Хэрэв хэн нэгэн үг хэлээр дайрах, дээрлэхвэл яах вэ гэдэг тухай ярилцаж болзошгүй эрсдэлд өөрийгөө оруулахгүй, нөхцөл байдлаас гарах аргыг зааж өгөх.

7. Хүүхэддээ хөршүүдээ танилцуулах.

8. Хүмүүсийн янз бүр байдлын тухай хүүхэдтэйгээ ярилцах.Хоорондоо ялгаатай байдлыг тайлбарлаж ойлгуулах.

9. Хүүхдээ үгүй гэж хэлж сургах. Танихгүй хүний машинд сууж болохгүйг хэлэх. Хэдийгээр найз, танилын танил байсан ч гэсэн.

10. Хүүхдүүдтэйгээ цуг аялах. Олон янзын соёлыг ойлгож хүндэтгэдэг хүн болгох. Тэдэнтэй хамт салхинд гарахдаа ойр зуурын чадваруудыг эзэмшүүлэх. Гал асаах, бургас түүх гэхчлэн.

11. Хүүхэдтэйгээ цуг телевизийн мэдээ үзэх. Гадаад орчинд юу болж байгаа тухай ярилцах.

12. Хүүхэд ямар эрхтэйг хамт уншиж тайлбарлаж өгөх.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404