Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
2020/01/15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Ингэснээр элэг шилжүүлэн суулгасэн мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч Б.Чинбатад Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд нийтдээ 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан бусад шийдвэрийг танилцуулъя.

Товч мэдээ

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5,000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.

Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404