Хоёр Солонгос нэг тугийн дор нэгдсэн анхны тэмцээн Монголд болов
2018/06/12

Амралтын өдрүүдэд Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга тамирчдад болон анх удаа хамтран оролцож байгаа хоёр Солонгосын тамирчдад баяр хүргэж, амжилттай оролцохыг хүслээ.

Дөрвөлжлөн зассан татуми дээр тамирчид үзэгчдийг суудал дээрээс нь өндөлзүүлсэн барилдаан хийж шагшрууллаа. Ялангуяа, анх удаа нэгдэн оролцож байгаа хоёр Солонгосын тамирчдыг дэмжихээр ирсэн солонгос дэмжигчид содон байв. Дэвжээн дээр гарсан тамирчид хурдан шуурхайгаас гадна угсраа мэхийг уралдуулан хийж өрсөлдөгч тамирчнаа заасан хугацаанд нь ялахыг хичээх аж.

Тэмцээнд Монгол, Япон, хоёр Солонгос, Гуам, Тайвань, Хонгконгийн 84 тамирчин өрсөлдөж байна гэж Олон улсын жүдо бөхийн холбооны Энхтайвны хорооны дэд захирал Б.Пагва хэллээ. Тэрээр жүдо бөхийн түүхэнд анх удаа хоёр Солонгосын баг тамирчид нэг баг болон барилдаж байна. Хэдийгээр олон улс энэ тэмцээнд хоёр Солонгосын тамирчдыг нэг баг болгон оролцуулахад эргэлзэж байсан ч бид чадлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерус нарын санаачилснаар жүдо бол зөвхөн барилдаан биш.

Жүдо бөхөөр дамжуулж бүх  ард түмний хооронд харилцан ойлголцлыг бий болгосноор дэлхийд энхтайвныг тогтооход хувь нэмрээ оруулж болно гэдгийг харуулахыг зорьсон. Тэмцээний нэг онцлог нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээр олимпод оролцох залуу бөхчүүдийг гаргаж ирэх. Тиймээс төр, засгаас материаллаг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Токио 2020 олимп ойрхон байна гэв. Олон улсын жүдо бөхийн холбооноос манай оронд тэмцээн байгуулах эрх өгөхдөө танайд сайн тамирчид байна. Олон улсын тэмцээн байгуулах нөхцөл боломжоо сайжруулах  хэрэгтэй гэж анхааруулж, зэмлэсэн гэлээ.

Энэ тэмцээнд Япон, хоёр Солонгосын нэгдсэн баг манай тамирчидтай өрсөлдөх өрсөлдөгчид гэж харж байна гэсэн юм. Тэмцээнийг шүүхээр гадаадын 15, Монголоос зургаан шүүгч оролцож байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр Японы шүүгч Такао Кавагучи, Өмнөд Солонгосын шүүгч Мүн Вон Бей, ОХУ-ын шүүгч Владимир Вотрыков нар ажилласан юм. Тэмцээний эхний өдрийн ганцаарчилсан төрлийн барилдаанаар жин жинд медаль хүртсэн тамирчдыг шагнасан юм.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 53 кг-д тамирчин Л. Сосорбарам алт, 60 кг-д Тайванийн тамирчин Жиан Жи Ин хүрэл медаль, БНХАУ-ын тамирчин Цоу Жин мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Н.Хадбаатар алт, БНХАУ-ын тамирчин Аму Эрчаогету  мөнгө, Тайванийн тамирчин Чен Чиа Хунг хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д түрүүлсэн Л.Сосорбарам “Энэ миний оролцож байгаа хоёр дахь том тэмцээн. Өмнө нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Гэвч эхний тойрогтоо БНХАУ-ын бөхөд хожигдож, тэмцээнээс хасагдаж байсан. Харин энэ удаа алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхтэй таарч түрүүллээ. Одоо миний хамгийн том зорилт бол аравдугаар сард болох залуучуудын олимпод орж түрүүлэхийг  хүсч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин 73 кг-д түрүүлж алт авсан Н.Хадбаатар анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орж, алтан медалийн төлөө Солонгосын тамирчинтай хүчээ сорьсон, хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байсан гэв. Түүнчлэн 2020 онд болох олимпод оролцоно гэсэн зорилтыг өөртөө тавьсан гэсэн юм. Манай тамирчин Н.Мөнхбаяр 66 кг-д алтан медалийн төлөө Японы Сүэки Такамасатай таарч барилдсан ч харамсалтайгаар ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Харин багийн барилдааны эмэгтэйчүүдийн төрөлд таван баг оролцсоноос эхний гурван байрт БНХАУ, Монгол, Солонгос орсон байна. Харин эрэгтэй төрөлд Солонгос, Монгол, Тайванийн баг эзэлсэн хэмээн тэмцээнийг зохион байгуулагч Ш.Баясгалан хэллээ. Харин Олон улсын жүдо бөхийн холбооны Энхтайвны хорооны дэд захирал Б.Пагва ийм том тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар цаашид болох тив, дэлхийн чанартай тэмцээнд оролцох эрхийн оноогоо нутагтаа цуглуулах боломжтой болно гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404