Тэтгэвэрийн зээлгүй ахмадууд Сүхбаатарын талбайд жагслаа
2020/01/11

Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар болон бага зээлтэй, зээл аваагүй ахмадууд хамтран жагсаал зохион байгуулж байна.

УИХ-аар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэхүү хуулийн төсөлд зээлийг тэглэхэд шаардлагатай байгаа 773 тэрбум төгрөгийг ахмадуудад тэгш хүртээх ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар гаргасан.  Гэвч тэдний санал өчигдөр УИХ-ын чуулганы үеэр дэмжигдээгүй. Иймээс хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Төрийн гурван өндөрлөг ажлаа хийж чадахгүй байна. Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр банкны луйвар хийх гэж байгаа төрийн гурван өндөрлөгийг хараад ичиж байна. Нэг том даргыг баяжуулах гэж тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр худал ажил хийж байгаагаа зогсоо. Монголын төрийн тэргүүн Монгол Улсынхаа төлөө байх ёстой" хэмээн хэлэв.  

Төв талбайд цугласан иргэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын хамт Төрийн ордныг нар зөв гурван удаа гороолохоор явсан юм. Жагсаалд оролцсон ахмадууд тэтгэврийн зөрүүг арилга, тэтгэврийн доод хэмжээг нэмж 500 мянгад хүргэх, эсвэл сар бүр 100 мянган төгрөг нэмж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404